Хувийн сургуулиуд шилдгийг нь авдагаас улсынхад сул сурлагатай нь үлддэг гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймагт ЕБС-иудын сургалтын чанарын сэдэвтэй цуврал ярилцлага зохиогдож байна. Сүүлийн арав гаруй жил улсын хэмжээнд энэ асуудлаар сүүлдэж яваа бэрхшээлийг даван туулах арга замыг хайсан ярилцлагад багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, сурагчид оролцон санал бодлоо солилцоод, түүнийгээ орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээдэг болов.
Эдгээр саналуудад сургуулиудын менежмент дутмаг, сургалтын орчин сайжраагүй, сурах бичгийн хүрэлцээ дутмаг, багш нарыг сайн сонгон шалгаруулж авдаггүй, нийгэм өөрөө бүрэн төгс боловсроогүй, энэ нь хүүхдэд нөлөөлж байна гэх зэргийн санал гарч байна. «Дутагдлыг дан хүүхдээс хайх боломжгүй. Багш хүн шавиа буруутгахаас өмнө өөрөө үлгэр жишээч, мэргэжилдээ сэтгэлтэй, хариуцлагатай байж шавиа энэрч хайрлах, хичээлийн зургаан цагийн дараа сурагчдаа мартан мөнгө, хувийн ажил хөөцөлдөөд явчих бус дараачийн хичээлд бэлдэх, мэдлэгээ дээшлүүлэх учиртай. Ингэж байж шавь нь багшаа хүндэтгэнэ, сурлагын чанар дээрднэ» гэж нэгэн багш ярив.
Хувийн сургуулиуд сурагчидаа сонгон шалгаруулж авдагаас улсын сургуулиудад сул сурлагатай нь шигшигдэн үлддэг тухай бас нэг багш ярьж байна. Өнгөрсөн жил монгол хэлний бичгэн шалгалтаар тал тохой татах, үзэл бодлоор ялгварлах асуудал гарсан тухай нэгэн сурагч гомдол мэдүүлэв. Сурагчид эзэмших мэргэжлээ сонгохдоо цаашид их дээд сургууль төгссөнийхөө дараа ажлын байр олдох боломжийг анхаардаггүйгээс хууль эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй ажилгүй залуучууд тус аймагт олон, харин сайн сурлагатай ихэнх нь багш мэргэжил эзэмших дургүй гэсэн санал гарав.
Ш.Айзаря