Бадам эмээ 53 настайдаа хангал тэмээ сургаж явжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Тэс сумын малчин Пүрэвийн Бадам нь 25 жил
тасралтгүй тэмээ маллаад тэтгэвэрт гарсан настан буурал. Тэрбээр 1966-1990
он хүртэл Тэс сумын “Лениний зам” нэгдэлд ханийнхаа хамт тэмээ маллан амьдарч
байжээ.
Мал маллах нөр их ажлын хажуугаар 10 хүүхэд төрүүлж
өсгөсөн тэрбээр өдгөө 72 настай бөгөөд аймгийн төвд дунд сургуульд сурдаг ач
зээ нараа харж хандан энх тунх аж төрж байна.
“Би насаараа тэмээ маллах, тэмээг унлага ачлагад сургах нөр
их ажлыг бэрхшээхгүйгээр хийж ирсэн. Тэр их ажлын хажуугаар арван хүүхэд
төрүүлж өсгөн, малч ухаанаа өвлүүлэн өрх тусгаарлуулаад байна. Манай хүүхдүүд ч
гэсэн удам дамжаад тэмээ маллах дуртай болцгоосон. Ер нь бол надад мал малын
дотроос тэмээ л маллах хамгийн сайхан санагддаг юм. Хамгийн сүүлд 53 настайдаа хангал
тэмээ сургаж байлаа. Нөхөр маань 3 жилийн цэргийн алба хаагаад ирэх хугацаанд өрх
гэрээ сахиж, үр хүүхдээ харж хандан, тэмээгээ маллаж байсан даа” хэмээн тэрбээр
хуучиллаа.