“Эко ноос” ХХК-ийн дэд захирал П.Ганболд чанарын менежерээр шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан
Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх орон тооны бус баталгаажуулалтын
зөвлөлөөс жил бүр аймгийн шилдэг чанарын менежерийг шалгаруулдаг уламжлалтай. 2020 оны аймгийн Шилдэг чанарын менежерээр
“Эко ноос”ХХК-ийн дэд захирал П.Ганболд шалгарсан байна.
Шагналыг өнөөдөр аймгийн ЗДТГ-ын
хүндэтгэлийн өрөөнд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч А.Түвшинбат гардуулан
өглөө. Найм дахь жилдээ тодруулж буй энэхүү шалгаруулалтыг 11 үзүүлэлт бүхий шалгуур хуудсаар дүгнэдэг аж. Энэ удаад
байгальд ээлтэй технологийг ашиглан импортыг орлох чанартай бүтээгдэхүүн
үйлдвэрлэн, үйлдвэрлэлдээ чанарын болон байгаль орчны менежментийн тогтолцоог
нэвтрүүлэхэд хамт олноо ур чадвартайгаар удирдан зохион байгуулж, орон нутгийн аж
ахуй нэгж байгуулагуудад менежментийн тогтолцооны стандартуудыг түгээн
дэлгэрүүлэх, сурталчлах үйлсэд манлайлан ажиллаж буй амжилтыг нь үнэлэн
тодруулсан ажээ.
Шагнал гардуулах үеэр Стандарт хэмжилзүйн хэлтсийн “Хүндэт дэвтэр”-т 2020 оны аймгийн шилдэг чанарын менежер “Эко ноос” ХХК-ийн дэд захирал П.Ганболдын нэрийг бичиж алдаршуулсан аж. “Эко ноос” ХХК нь хонины цэвэр ноосоор төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм. Тэр дундаа хонины ноосон хөнжил, гудас, дээл хувцасны бэлдэц нь илүү олонд танигдсан. Зөвхөн Дархан-Уул аймагт бүтээгдэхүүнээ худалдаалахаас гадна Улаанбаатар хот болон бусад аймагт худалдан борлуулдаг ажээ.



