Ц.Батболд: Увс аймгийн Засаг даргыг батламжлаагүй 11 хонож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнгөрсөн сарын 26-28-ны өдрүүдэд хуралдаж, аймгийн ИТХ-ын даргаар бие даагч Ц.Батболдыг сонгосон. Харин аймгийн Засаг даргаар АН-аас сонгогдсон Ч.Чимэдийг томилуулахаар Ерөнхий сайд Ч.Хүрэлсүхэд өргөн мэдүүлсэн ч одоог хүртэл хариу ирээгүй байна. Энэ талаар аймгийн ИТХ-ын шинэхэн дарга Ц.Батболдоос тодрууллаа.
-Увс аймгийн Засаг даргаар томилуулахаар Ч.Чимэдийг өргөн
мэдүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Ерөнхий сайд түүнийг яагаад батламжлахгүй
байгаа юм бол?
-Аймгийн
ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар нийт төлөөлөгчийн
58,5 хувийн саналаар Ч.Чимэдийг Засаг даргад нэр дэвшүүлэн Ерөнхий
сайдад уламжлаад 11 хонож байна. Хуулийн хүрээнд хурлын тогтоолыг хүлээн авсан өдрөөс
хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэрийг гаргах ёстой.
Гэвч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна. Шинэ Засаг
даргыг томилох хүртэл хугацаанд өмнөх Засаг
даргын бүрэн эрх хүчинтэй байгаа ч өнгөрсөн өдрүүдэд Увс аймагт төрийн
ажил цалгардсан дүр зурагтай байна.
-Яагаад тэр билээ?
-Аймгийн
ЗДТГ-ын нэр бүхий хэлтсийн дарга нар Удирдлагын академийн 45 хоногийн мэргэжил
дээшлүүлэх хичээл, сургалттай гэх шалтгаанаар анхдугаар
хуралдааны дараахан Улаанбаатар хот руу явсан Цаг үеийн хувьд аймгийн ИТХ-аас
ЗДТГ-тай хамтран “Аймаг хөгжүүлэх таван жил /2021-2025/-ийн үндсэн чиглэл”
төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах санал асуулгын их ажил өрнөж эхлээд байна. Үүнд төрийн байгууллагуудын удирдлага, албан
хаагчдын үүрэг
оролцоо нэн чухал байгаа. Иймээс аймгийн ИТХ-аас 45 хоногийн сургалтад
сууж буй албан хаагчдыг эргүүлэн ирүүлж төрийн ажлыг үргэлжлүүлэх чиглэлийг хүргүүлээд байна.
-Сумдад байдал ямархуу байна вэ?
-Аймгийн 19 сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн
анхдугаар хуралдаан болж, бүх сумын ИТХ-ын дарга нарыг сонгоод ажилдаа
орчихсон. Харин шинээр сонгогдсон сумдын Засаг дарга нарыг аймгийн Засаг дарга
батламжлах тул бас л хүлээлтийн байдалтай, хуучин Засаг дарга нар нь ажлаа
хийсэн юмгүй, хаана хаанаа ажил цалгардсан байдалтай байна.
-Танд баярлалаа.