Эхээс хүүхдэд халдвар дамжихыг зогсоох тусламж үйлчилгээг сайжруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Эх хүүхдэд
хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/, гепатит В вирус болон тэмбүүгийн
халдвар дамжихыг зогсоох” тусламж үйлчилгээний байдалд дэмжлэгт хяналт хийж,
сургалт зохион байгуулж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Эхээс хүүхдэд ХДХВ, гепатит В вирус
болон тэмбүүгийн халдвар дамжихыг зогсоох” гурвалсан устгалын зорилтыг дэвшүүлэн,
2030 он гэхэд энэ төрлийн өвчлөлийг бууруулах, эрсдэлийг багасгахаар ажиллаж буй.
Мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны А\614 тоот “Эхээс хүүхдэд ХДХВ,
гепатит В вирус болон тэмбүүгийн халдвар дамжихыг зогсоох журам” баталжээ.
Үүнтэй холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр ЭМЯ, ХӨСҮТ-ийн
ДОХ, БЗДХ-ын Тандалт судалгааны алба, Ховд аймгийн ЭМГ хамтран чадавхжуулах сургалтыг энэ сарын 10-12-ны
өдөр зохион байгуулж байна.
Энэхүү сургалтын үеэр Ховд аймгийн ЭМГ, БОЭТ, Өрхийн эрүүл мэндийн төвийн 20
гаруй эмч, мэргэжилтэнд “Эхээс хүүхдэд ХДХВ, гепатит В вирус болон тэмбүүгийн
халдвар дамжих”-ыг зогсоох ажлын талаар цогц мэдлэг олгож, сургагч багш бэлтгэх
замаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын
тусламж үйлчилгээг сайжруулахаар зорьж байгаа юм.
Уг сургалтын дараа ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг, мэргэжилтнүүд Ховд аймгийн эрүүл
мэндийн салбарт “Эх хүүхдэд ХДХВ, гепатит В вирус болон
тэмбүүгийн халдвар дамжихыг зогсоох” тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны
байдалд дэмжлэгт хяналт үнэлгээ хийж, зөвлөгөө өгч ажиллахаар төлөвлөжээ.
Ингэснээр Ховд аймаг нь баруун бүсийн жишиг аймаг болно. Цаашид хөдөөгийн сумдаас
гадна баруун бүсийн бусад аймгийн эрүүл мэндийн байгууллагад мэргэжил арга зүйн
дэмжлэг үзүүлэн ажиллах боломж бүрдэнэ гэж албаныхан онцоллоо.
Сүүлийн жилүүдэд эхээс хүүхдэд дамжих халдварын өвчлөл нэмэгдэж буй. Иймд эхээс
хүүхдэд дамжих халдварыг таслан зогсоох, жирэмсний хяналт, хүртээмжийг
сайжруулах ажлын эхлэл нь энэ удаагийн сургалтын үйл ажиллагаа болно гэж мэргэжилтнүүд хэллээ.
Мөн тус сургалтын хүрээнд дадлага ажлыг өртөөчилсөн хэлбэрээр явуулж, эхээс хүүхдэд ХДХВ, гепатит В вирус болон
тэмбүүгийн халдвар дамжихыг зогсоох
арга зам, халдвараас сэргийлэх дархлаажуулалт, оношилгоо, эмчилгээ, илрүүлэлт, хурдавчилсан
шинжилгээний аргачлалын талаарх эмч нарын гардан үйлдлийн ур чадварыг
сайжруулах аж.