Сүхбаатар аймаг руу орох хөдөлгөөнийг 16-ны 24 цагаас бүрэн хаана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хөрш зэргэлдээх Хэнтий аймагт коронавирусний сэжигтэй
тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа. Хурлаар
тус аймаг руу орох хөдөлгөөнийг 24:00 цагт бүрэн хаахаар шийдвэрлэв.
Аймгийн төв болоод бусад
сум руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хааж, постуудын хяналтыг
чангатгах үүргийг өглөө. Мөн Улаанбаатар хотод хөл хорионд орсон Сүхбаатар
аймгийн иргэдийн нэрсийн жагсаалтыг нарийн гаргах, зорилтот өрхийн судалгааг
хийх, хулгайн замуудад хяналтын пост ажиллуулах, тусгаарлах байрнуудын бэлэн
байдлыг хангуулах, хүнс тээврийг хийхдээ зөвхөн тав ба түүнээс дээш тоннын
даацтай машиныг тусгай зөвшөөрлөөр нэвтрүүлэх эрх олгох зэрэг үүргийг холбогдох
албаны хүмүүст аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга М.Идэрбат
өглөө.
Харин Баруун-Урт сум доторх тээврийн хэрэгслийн
хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байгаа бөгөөд сум доторх хүнс тээврийг
өглөөний 06-10 цаг, оройны 18-22 цагийн хооронд явуулахаар шийдвэрлэн мөрдөж
эхлээд байгаа. Уг хязгаарлалтад ус түгээлтийн болоод тусгай чиглэлийн 11
байгууллагын тээврийн хэрэгслүүд хамаарахгүй байгаа юм.
Хэрэв Хэнтий аймгийн
сэжигтэй тохиолдол батлагдах юм бол хатуу хөл хорионы дэглэмд шилжих болно
гэдгийг энэ үеэр мэдэгдлээ.