Токиогийн Олимпын нээлт, хаалтын ёслолын төсвийг нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-12-21 14:25:51

ТОКИО. /Kyodo/. Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо нээлт, хаалтын ёслолын төсвийг 16.5 тэрбум иен /159.7 сая ам.доллар/ болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд өнөөдөр мэдээллээ.


Зохион байгуулагчид нэг жилээр хойшилсон наадмын ёслолын үйл ажиллагаануудын төсвийг цар тахлын улмаас нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ. Энэ талаар мягмар гарагт болох зөвлөлийн хурлаар  хэлэлцэх төлөвтэй байгаа ажээ.


Японы нийслэлд ирэх оны долоодугаар сарын 23-нд эхлэх Олимпын наадмын нээлт, хаалтын ёслолын төсвийг зохион байгуулагчид хоёр дахь удаагаа нэмэгдүүлэх гэж буй нь энэ юм. Тодруулбал, өнгөрсөн оны хоёрдугаар сард 9.3 тэрбум иений төсвийг хангалтгүй гэж үзсэний дүнд 43 хувиар өсгөж, 13 тэрбум иен болгож байжээ.


Токиогийн Олимпыг зохион байгуулахад 1.35 их наяд иений /13 тэрбум ам.доллар/ зардал гарах тооцоотой байсан бол нэг жилээр хойшлуулж, коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх шаардлага үүссэнээр зардлын хэмжээ 294 тэрбум иенээр нэмэгдсэн юм. 

関連ニュース