Олон улсын хүүхдийн зуслантай болоход онцгой анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-12-30 16:27:29

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай өнөөдөр танилцаж, ажилтан албан хаагчидтай уулзлаа. 


Уулзалтын үеэр Засаг дарга Д.Золжаргал: "Би та бүхэнтэй адил хүүхэд залуучуудын байгууллагаас ажлын гараагаа эхэлж байсан. Гэр бүл хүүхэд залуучуудын газар бол нийгэмд нөлөөлөхүйц чухал үйл ажиллагааг эрхлэн ажилладаг байгууллага. Тиймээс цаашид газрын үйл ажиллагааны хөтөлбөр, зохион байгуулах арга хэмжээ, дотоод зохион байгуулалт зэрэгт онцгой анхаарч ажиллана. Манай аймгийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл болоод бага насны хүүхдийн хүчирхийллээр өндөр үзүүлэлттэй гэсэн судалгаа бий. Үүнд танай байгууллага анхаарч ажиллах ёстой. Мөн цар тахлын үеийн хөл хорионы дэглэмийн үед хүүхэд багачууд цаг заваа зөв зохистой өнгөрүүлэх, гар утас, онлайн орчныг зөв хандлагатай хэрэглэх зэрэгт анхаарч ажилламаар байна" хэмээв. 


Цаашид аймагтаа Хүүхэд, залуучуудын хөгжлийн ордонтой болох, "Тамир" зуслангийн үйл ажиллагааг өргөжүүлж, шаардлага хангасан Олон улсын хүүхдийн зуслантай болох зэрэгт онцгой анхаарч, ирэх жилүүдэд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ тухай багтааж, шийдвэрлэн ажиллана гэлээ.

関連ニュース