АРХАНГАЙ: ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын саналд иргэдийн оролцоо хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-09-05 14:52:40

Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь төрийн Аудитын газраас аймгийн ОНХС-гийн 2024 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүн, үр нөлөөнд аудит хийж дуусчээ.


Аймгийн хэмжээнд 2024 онд шинээр 15,542.6 сая төгрөгийн 311 төсөл, арга хэмжээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулсан байна.


Үүний дотор 12,383.2 сая төгрөгийн 298 төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжсэн, 3,688.3 сая төгрөгийн 25 төсөл, арга хэмжээ хэрэгжих шатандаа, 2,645.5 сая төгрөгийн 78 төсөл, арга хэмжээ огт хэрэгжээгүй байна.


Харин хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний 97.3 хувь нь төлөвлөсөн зорилтот түвшний үр дүнд хүрсэн, ОНХС-гийн хөрөнгөөр бий болсон хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт сайжирсан байгааг Аудитын газраас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, бүрэн хэрэгжүүлсэн 298 төсөл арга хэмжээгээр ашиглагч байгууллагын чанарын үнэлгээг хийхэд 95.0 хувь нь ашиглалт сайн, 2.7 хувь нь ашиглалт дунд, 2.3 хувь нь ашиглалт муу гэсэн байна.


Аудитаар ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн 2,121.7 сая төгрөгийн 86 төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлээгүйгээс тухайн төсөл, арга хэмжээ чанаргүй болох, зорилтот түвшний үр дүнд хүрэхгүй байх, хөрөнгө үр ашиггүй зарцуулагдах эрсдэл үүсэж байгааг гаргаж иржээ.


Мөн сумдын ЗДТГ нь ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтөд иргэд, олон нийтийн оролцоог хангах үйл ажиллагааг хангалтгүй хэрэгжүүлсэн байна. Нийт 122,346 иргэнээс санал авсны 78.9 хувь буюу 96,582 саналыг цаасаар, 18.8 хувь буюу 22,951 саналыг бүлгийн ярилцлагаар, 2.3 хувь буюу 2,813 саналыг цахимаар авсан байна.


Аймгийн Аудитын газраас Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтөд иргэд олон нийтийн оролцоо хангалтгүй, иргэдийн саналаар дэмжигдээгүй төсөл, арга хэмжээг баталж хэрэгжүүлдэг зөрчил арилахгүй байна гэсэн ерөнхий дүгнэлтийг хийсэн байна.


Сайн жишээ болохуйц ажлууд ч цөөнгүй байна. Дурдвал, Батцэнгэл сумын ОНХС-гийн 106.3 сая төгрөгийн хөрөнгөөр байгуулсан гудамж талбайн тохижилт, аймгийн ОНХС-гийн 265.3 сая төгрөгийн хөрөнгөөр хийсэн Тамир зуслангийн их засвар, тохижилт, 199.7 сая төгрөгийн өртөгтэй аймгийн төвд байгуулсан цэвэр усны төв зэрэг ажил байна.   


Аудитын дүнтэй холбоотойгоор 62 байгууллагад албан шаардлага, 9 байгууллагад зөвлөмж, мөн аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргад холбогдох зөвлөмжийг хүргүүлээд байна.  

関連ニュース