Америкийн нийслэлд тогтоосон онц байдлыг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-01-07 15:33:39

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчдийн зохион байгуулсан жагсаал, үймээн самуунтай холбогдуулан тус улсын нийслэлийн бүсэд тогтоосон онц байдлыг 15 хоногоор сунгажээ.


“Өнөөдрийн үйл явдлууд олон нийтийн аюулгүй байдал, иргэдийн сайн сайхан байдалд заналхийлж байна. Үүнтэй холбогдуулан онц байдлын дэглэмийг хотын даргын дараагийн захирамж гарах хүртэл 15 хоногоор сунгаж байна” гэж Америкийн нийслэл хотын дарга Муриэл Боузер захирамждаа онцлон тэмдэглэсэн байна. Энэхүү захирамж нэгдүгээр сарын 21-ний 15:00 цаг хүртэл хүчинтэй байх аж.


Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид лхагва гарагт Вашингтонд эмх замбараагүй байдал үүсгэсэн юм.


Трампыг дэмжигчдийн жагсаал Аризона, Вашингтон, Висконсин, Хавай, Жоржиа, Калифорни, Канзас, Колорадо, Невада, Нью-Мексико, Охайо, Оклахома, Орегон, Өмнөд Каролина, Юта зэрэг 10 гаруй муж улсад болсон байна.


関連ニュース