Чехэд хатуу хязгаарлалтыг эсэргүүцэж, олон арван зоогийн газар нээгдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПРАГА. /TASS/. Чехэд олон арван зоогийн газар, кафены эзэд коронавирусний улмаас тогтоосон хатуу хязгаарлалтыг эсэргүүцэж, үйл ажиллагаагаа нээсэн тухай Чехийн радио мэдээлжээ.
Эсэргүүцэл бямба гарагт эхэлсэн байна. Хоригийг зөрчсөн газруудыг цагдаагийнхан хянаж байгаа бөгөөд даруй хаахыг шаардаж, эздэд нь 20 мянга хүртэлх кроны (765 орчим евро) торгууль ногдуулжээ. Хатуу хязгаарлалтын улмаас рестораны бизнес их хэмжээний алдагдал хүлээгээд байгаад эрх баригчид болон олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор ийм арга хэмжээ зохион байгуулсан байна. Чехэд кафе, ресторан, баар, хоолны газрууд гурван сар орчим хаалттай байгаа бөгөөд хязгаарлалтын улмаас өдөрт учирсан хохирлын хэмжээ 414 сая орчим крон (15.9 сая орчим евро) болж байгаа аж.
Рестораны бизнес эрхлэгчид "Чех улсаа нээцгээе" улс төрийн хөдөлгөөнийг бүртгүүлэхээр төлөвлөснөө мэдэгджээ.
Чехэд одоогоор кафе, зоогийн газрууд зөвхөн гудамж руу харсан тусгай цонхоор хоол хүнс, ундаагаа зарж борлуулах боломжтой байгаа юм. Тус улсын эрх баригчид өнгөрсөн оны 10 дугаар сарын 5-нд онцгой байдал зарласан бөгөөд 21:00-05:00 цагийн хооронд онцын шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахыг хориглох зэрэг хатуу хязгаарлалт тогтоосон байна.
Цар тахал дэгдсэнээс хойш Чехэд 933 361 хүн халдвар авч, 15 270 өвчтөн нас баржээ.