Зэрлэг гахай агнах тоо хэмжээний дээд хязгаарыг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-02 17:36:39

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар тогтоолоор аймгийн хэмжээнд 2021 онд ахуйн зориулалтаар агнах зэрлэг гахайн тоо хэмжээг баталсан байна.  

Өөрөөр хэлбэл, аймгийн хэмжээнд 2021 онд ахуйн зориулалтаар агнах зэрлэг гахайн тоо хэмжээний дээд хязгаар 4 байна. Үүнд Булган, Эрдэнэбүрэн суманд тус бүр нэг, Буянт суманд хоёр зэрлэг гахай агнах юм. 

Ахуйн зориулалттай агнах амьтны төлбөрийг тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээний 20 хувиар тооцно. Ан амьтан барих зөвшөөрлийн хураамжийг тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээний хоёр хувиар тооцон авч, орон нутгийн төсөвт оруулахыг агнуур зохион байгуулах сумдын Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Ахуйн зориулалттай агнах амьтны төлбөр нийт 2.320.000, Ан амьтан барих зөвшөөрлийн хураамж нийт 232000 төгрөг байх аж.

Түүнчлэн ахуйн зориулалтаар агнах амьтны тоо хэмжээнд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг салбар байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон аж. 



関連ニュース