“Brent” маркийн нефтийн үнэ 59 ам.доллар давж өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-02-04 16:40:00

МОСКВА. /RIA Novosti/. Лондоны ICE биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн үнэ өнгөрсөн оны хоёрдугаар сарын 21-нээс хойш анх удаа 59 ам.доллар давж өсжээ.


Арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” маркийн нефтийн дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 0.31 хувиар өсөж, нэг торх нь 58.87 ам.доллар болсон бол үүнээс хэдхэн минутын өмнө 59.01 ам.долларт хүрчээ. Түүнчлэн “WTI” маркийн нефтийн гуравдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 0.77 хувиар өсөж, 56.12 ам.доллар болсон байна.


Нефтийн ханш ийнхүү чангарсныг шинжээчид хоёр, гуравдугаар сард өдөрт олборлох нефтийн хэмжээгээ нэг сая торхоор бууруулах тухай Саудын Арабын эрх баригчдын саяхан гаргасан шийдвэртэй холбон тайлбарлаж байна.


Үүний зэрэгцээ шинжээчдийн үзэж байгаагаар, “ОПЕК +” бүлгийн гэрээнд оролцогч талууд үүргээ бүгд биелүүлэхгүй байгаатай холбоотойгоор нөхцөл байдал тийм ч таатай биш байна.


関連ニュース