Их Британи Хятадын телевизийн зөвшөөрлийг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-02-05 12:22:56

ЛОНДОН. /TASS/. Их Британийн хэвлэл мэдээллийн зохицуулагч байгууллага /Ofcom/ англи хэлээр нэвтрүүлгээ цацдаг Хятадын хиймэл дагуулын “CGTN”  телевизийн зөвшөөрлийг пүрэв гарагт цуцалжээ.


“Энэхүү суваг нь Хятадын Коммунист намын хяналтад байдаг бөгөөд энэ нь Их Британийн өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар зөвшөөрөгдөөгүй учраас бид телевизийн нэвтрүүлэг цацах хүсэлтийг зөвшөөрөх боломжгүй” гэж тус байгууллагын мэдэгдэлд дурдсан байна.


Сувгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч “Star China Media Limited” компани “CGTN” телевизийн редакцын бодлогыг хянадаггүй бөгөөд энэ нь Их Британийн хуулийг зөрчиж байна гэж мэдэгдэлд тайлбарлажээ. "Өргөн нэвтрүүлгийн зөвшөөрөлтэй компани нь гаргаж буй мэдээллийн бүтээгдэхүүнүүдийг хянах ёстой. Үүнээс гадна тусгай зөвшөөрөл эзэмшигч улс төрийн хяналтад байх хуулиар хориотой" гэж “Ofcom” мэдэгдэлдээ дурджээ.


Тус байгууллага мөн 2020 онд Хятадын телевизийн суваг "Хонконг дахь эсэргүүцлийн хөдөлгөөнийг сурвалжлахдаа өргөн нэвтрүүлгийн дүрмийг зөрчиж, тэнцвэртэй мэдээлэл өгөөгүй" нь тогтоогдсон болохыг сануулсан байна. Тухайн үед “Ofcom” Хятадын телевизэд хориг арга хэмжээ авч болзошгүйг анхааруулж байжээ.


関連ニュース