Мьянмарт 2007 оноос хойших хамгийн өргөн хүрээг хамарсан жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-02-08 11:16:06

НЕЙПИДО. /BBC/. Мьянмарын олон арван мянган иргэн цэргийн эргэлтийг эсэргүүцэж, удирдагч Аун Сан Су Чиг суллахыг шаардан ням гарагт жагссан нь тус улсад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд болсон хамгийн өргөн хүрээг хамарсан жагсаал болжээ.


“Бид цэргийн дарангуйллыг хүсэхгүй байна. Бид ардчиллыг хүсэж байна” гэж Янгон хотод цугласан хүмүүс хашхирч байжээ. Мөн өөр 10 гаруй хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөсөн байна. Цэргийнхэн интернэт ашиглах боломжийг нэг хоног хаасны дараа эргэн сэргээжээ.


Мьянмарт өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт гарсан цэргийн эргэлтийг эсэргүүцэгчдийн тоо улам нэмэгдэж байгаа энэ үед армийн зүгээс одоогийн байдлаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.


Мьянмарын цэргийнхэн өнгөрсөн 11 дүгээр сард болсон сонгуулийг будлиантай болсон гэдгийг ямар ч нотлох баримтгүйгээр мэдэгдсэнийхээ дараа төрийн эрхийг гартаа авч, нэг жилийн хугацаатай онц байдал зарласнаа мэдэгдсэн юм.


Янгон хотод жагсагчид Аун Сан Су Чигийн намын бэлгэдэл өнгө болох улаан цамц өмссөн байсан бол автомашин, автобусны жолооч нар дуут дохиогоо дугаргаж, жагсагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.


Цэргийнхэн интернэт сүлжээг хаасан нь жагсаал цуглааныг зогсоож чадаагүй байна. “Бидний саналыг хүндэтгэ” хэмээн нэгэн лоозон дээр бичсэн байсан бөгөөд 11 дүгээр сард болсон сонгуульд Ардчиллын төлөөх үндэсний лиг нам илт давуу ялалт байгуулсан ажээ.


Янгонд ням гарагт болсон жагсаал нь 2007 онд олон мянган лам цэргийн дэглэмийг эсэргүүцэн жагссан “Гүргэмийн хувьсгалаас” хойших хамгийн өргөн хүрээг хамарсан жагсаал болжээ. 

関連ニュース