Францад төрөлт буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-26 11:03:05

ПАРИС. /TASS/. Францад 2021 оны нэгдүгээр сарын төрөлтийн тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн сарынхтай харьцуулахад 13 хувиар буурчээ.


Энэ тухай Францын Үндэсний статистик, эдийн засгийн судалгааны хүрээлэн мэдээлэв.


“Цар тахал дэгдэж эхэлснээс хойш 9 сарын дараа төрөлт огцом буурчээ. Оны эцсээр л бид хямрал төрөлтийн үзүүлэлтэд нөлөөлснийг олж харсан” хэмээн судлаачид тэмдэглэжээ.


Энэ оны нэгдүгээр сард Францад 53.9 мянган хүүхэд хорвоод мэндэлсэн бол өнгөрсөн оны нэгдүгээр сард энэ үзүүлэлт 8 мянгаар илүү байв. Өнгөрсөн оны 12 дугаар сард шинээр төрөгсдийн тоо 2019 оны мөн үетэй харьцуулахад мөн 7 хувиар бага байсан аж. Түүнчлэн 2020 онд Францад нийт 737 мянган хүүхэд төрсөн нь Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойших хамгийн бага үзүүлэлт байсан аж.


“Зургаа дахь жилдээ дарааллан төрөлтийн тоо буурах хандлага ажиглагдаж байгаа ч энэ оны нэгдүгээр сарын үзүүлэлт илүү өөр байлаа. Хамгийн сүүлд ийм хэмжээний уналт 1975 онд ажиглагдсан. Түүнчлэн 1980-аад онд болон 1993 оны эдийн засгийн уналтын үеэр төрөлтийн тоо буурч байсан хэдий ч сар бүрийн үзүүлэлт 10 хувиас хэтэрч байгаагүй юм. 2008-2009 оны хямралын үед ч ийм зүйл тохиож байгаагүй” хэмээн мэдэгдэлд дурдсан байна. 

関連ニュース