С.Ёшихидэгийн Засгийн газрыг дэмжигчдийн түвшин өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн Засгийн газрыг дэмжигчдийн түвшин өссөнийг “NHK” сувгийн явуулсан санал асуулгын дүн харууллаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр утсаар явуулсан санал асуулгад 1200 гаруй хүн оролцжээ. Энэхүү санал асуулгын дүнгээр Засгийн газрыг дэмжигчдийн түвшин 40 хувьд хүрсэн нь өнгөрсөн сарынхаас хоёр хувиар өсжээ. Харин эсрэг үзэл бодолтой хүмүүсийн үзүүлэлт 37 хувь байсан нь долоон хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Ийнхүү Засгийн
газрыг дэмжигчдийн түвшин эсрэг саналтай хүмүүсийн үзүүлэлтийг өнгөрсөн 12
дугаар сараас хойш анх удаа давсан байна.
Япон коронавирусний вакцинжуулалтыг хоёрдугаар сарын дундуур эхлүүлсэн юм. Санал асуулгад оролцогчдоос вакцин хийлгэх хүсэлтэй байгаа эсэх талаар асуухад, 67 хувь нь тийм, 21 хувь нь үгүй гэж хариулсан бол 13 хувь нь мэдэхгүй гэж хариулах юм уу хариулт өгөөгүй байна.
Олон улсын
олимпын хороо болон Японы холбогдох байгууллагууд Токиогийн Олимп, Паралимпын
наадмыг энэ зун зохион байгуулах товд тулгуурлан бэлтгэл ажлаа үргэлжлүүлж
байгаа юм. Үүнтэй холбогдуулан Токиогийн Олимпыг хэрхэн зохион байгуулах талаарх
асуултыг санал асуулгад оролцогчдод тавьжээ.
Энэхүү асуултад
тэдний 5 хувь нь урьдчилан төлөвлөж байгаагийн дагуу, 34 хувь нь үзэгчдийн тоог
хязгаарлах хэрэгтэй, 19 хувь нь үзэгчидгүйгээр зохион байгуулах хэрэгтэй, 33
хувь нь наадмыг цуцлах хэрэгтэй хэмээн хариулсан байна.