Гуравдугаар сургуулийн номын санг шинэчлэн засварлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулийн залуу багш нар санаачлан “номын сан”-гаа шинэчлэн засварлаж, тохижилтын ажлыг богино хугацаанд гүйцэтгэжээ.
Тус номын сан одоо гурван хэсгээс бүрдэнэ. Тодруулбал, бага насны хүүхэд ном уншихдаа хэвтэх, суух зориулалт бүхий чөлөөт танхим, интернэт сүлжээ бүхий цахим номын сангийн хэсэг, танхимаар ном унших зориулалт бүхий ширээ сандал байршуулснаараа онцлогтой.
Ийнхүү сургуулийн номын сангийн үйлчилгээг сайжруулж, орчин үеийн стандарт бүхий тохилог орчин бүрдүүлэхээс гадна сурагчдыг хөгжүүлэх, ном унших хүслийг дэмжих зорилгоор номын фондын баяжилт хийсэн байна.
Цаашид мөн номын
тоог нэмэгдүүлэхэд анхаарч,
төгсөгчдийн дунд “ном
хандивлах аян”
өрнүүлэх зэрэг нэлээд ажил төлөвлөсөн гэж албаны эх сурвалжууд мэдээллээ.
Ховд аймгийн Жаргалант
сумын ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулийн хуучин номын сангийн тохижилт муу, зохих стандартыг
хангадаггүй байжээ.
Иймээс тус сургуулийн залуучуудын холбооны багш нарын хуримтлал болох 4 орчим сая төгрөгийг тохижилт
үйлчилгээний ажилд зарцуулжээ.







