Амстердамд болсон жагсаалын үеэр 150 гаруй хүн баривчлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-03-22 14:32:09

АМСТЕРДАМ. /RIA Novosti/. Нидерландын Амстердам хотод болсон хууль бус жагсаалын үеэр 150 гаруй хүнийг баривчилсан гэж хотын цагдаагийн газар мэдээлжээ.


Ням гарагт жагсагчид Амстердамын Музейн талбайд дахин цугларч, коронавирусний цар тахалтай холбогдуулан тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцэн жагссан байна. Жагсаал “эрх чөлөөнийхөө төлөө кофе ууя” уриан дор болж, жагсагчид жагсаал цуглаан зохион байгуулах эрх чөлөөг шаарджээ. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд даралттай ус шүршигч хэрэглэсэн байна.


“150 гаруй хүнийг баривчилсан бөгөөд тэдний дийлэнх нь нийтийн хэв журам зөрчсөн хэргээр саатуулагдсан” гэж хотын цагдаагийн газар мэдэгджээ.


Ням гаргийн жагсаалд 300 орчим хүн оролцсон байна. Амстердамчууд бямба гарагт мөн жагссан бөгөөд цагдаа нар 58 хүнийг баривчилжээ.


Коронавирустэй тэмцэх Нидерландын Засгийн газрын бодлого болон коронавирусний вакцинжуулалтыг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд Гаага хотод болсон байна. Тухайн үед цагдаа нар жагсаалыг тараахын тулд мөн л даралттай ус шүршигч хэрэглэж, 20 орчим хүнийг баривчилжээ.  


Коронавирусний цар тахалтай холбогдуулан тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал энэ амралтын өдрүүдэд мөн Их Британи, Герман, Польш, Финланд болон Европын бусад оронд болсон байна.

関連ニュース