Австралид парламентын сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСИДНЕЙ. /TASS/. Тодорхой хүндэтгэх шалтгааны улмаас 7 дугаар сарын 2-нд болох парламентын сонгуулийн санал хураалтад оролцож боломжгүй болсон Австралийн сонгогчид өнөөдрөөс эхлэн саналаа өгч байна.
Саналаа урьдчилан өгөхийн тулд тухайн иргэн үндэслэлээ шалтгаанаа маш сайн тайлбарлах хэрэгтэй болдог. Тухайлбал, ажлын цагийн хуваарь санал хураалттай давхцаж байгаа, аялж жуулчилж байгаа эсвэл өвчин туссан гэх мэт.
Хамгийн сүүлд гурван жилийн өмнө болсон парламентын сонгуулийн үеэр нийт сонгогчдын 27 хувь буюу 3,7 сая иргэн саналаа урьдчилан өгч байжээ.
Сонгуульд оролцон саналаа өгөх нь австраличуудын хувьд зөвхөн хуулиар олгосон эрх нь төдийгүй заавал биелүүлэх ёстой үүрэг нь байдаг. Хэрвээ тухайн иргэн сонгуульд оролцож санал өгөхөөс татгалзваас түүнийг 20 австрали доллароор /15 ам. доллар/ торгодог байна. Торгуулийн хуудсыг иргэдэд шуудангаар илгээх ба тухайн хүн торгуулийг төлөхөөс татгалзах эсвэл сонгуульд оролцоход нь саад болсон хүндэтгэх шалтгаануудаа ул үндэстэй тайлбарлаж чадаагүй бол хэргийг шүүхэд шилжүүлнэ. Шүүхээс тухайн иргэний буруутай нь нотлогдсон тохиолдолд 170 доллароор торгохоос гадна шүүх ажиллагааны зардлыг гаргуулдаг ажээ.
Энэ удаагийн сонгуулиар Төлөөлөгчдийн танхим, Сенат гэсэн парламентын хоёр танхимын бүрэлдэхүүнийг шинээр сонгох гэж байгаа юм.
Одоо эрх барьж буй Либерал-үндэсний эвсэл болон сөрөг хүчний Лейборист намын хувьд сонгуульд ялах хамгийн өндөр магадлалтай байна. Саяхан олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар уг хоёр намын хувьд ялалт байгуулах боломж эн тэнцүү байгаа ажээ.
Х.Сарнай