Р.Буянхишиг: Цар тахлын үед эцэг эх, асран хамгаалагч нартай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-04-15 18:12:24

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 8-р цэцэрлэгийн эрхлэгч Р.Буянхишигтэй ярилцлаа. Тэрбээр 2016 оноос эхлэн тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна.


-Юуны өмнө цэцэрлэгийнхээ талаар мэдээлэл өгөөч?

-Улаангом сумын 8 дугаар цэцэрлэг нь 2010 онд байгуулагдсан. Хамран сургах тойргийнхоо 6, 10 дугаар багийн 220 хүүхдийг өдрийн 7 бүлэгт хамруулан сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Нийт 28 багш, ажилтантай. Үүнээс боловсрол судлалын магистр 2, бакалавр 11, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй 1, заах аргач 4 багш байна. 

Би боловсролын байгууллагад 27 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс 12 жилд нь багш, 25 жилд нь удирдах ажлыг хашиж байна. Энэ хугацаанд 5 газар сэлгэн ажиллаж, нийтдээ 120 гаруй хүнтэй нэг баг болон ажиллаж, хүүхэд хөгжүүлэх, хүмүүжүүлэх ажилд бие сэтгэлээ зориулан олон хүний санал бодлыг нэг чигт төвлөрүүлэн удирдан чиглүүлж хамтран ажиллаж ирсэн. Тухайн хамт олон байгаа орчин нөхцөл, хамтран ажиллаж байгаа хүмүүс, зан харилцаа, бүтээлч байдлаараа онцлог ялгарах зүйл их байгаа нь ажиглагддаг. Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгийн хамт олны ихэнх хувийг залуу боловсон хүчин эзэлдэг болоод ч тэр үү аливаа ажлыг зохион байгуулах чиглэл өгөхөд л цаашаа өөрсдөө бүтээлчээр сэтгээд, үр дүнг нь харах гээд бүгд өөрийн чаддаг бүхнээрээ нэг зорилгын төлөө тэмүүлдэг эрч хүчтэй, дайчин хамт олон.

-Энэ хичээлийн жилд хийж хэрэгжүүлж байгаа бүтээлч ажлууд юу байна вэ?

-Энэ хичээлийн жил “Ардын уламжлалт тоглоом наадгайгаар дамжуулан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” зорилт тавин ажилласны үр дүнд Монгол ардын тоглоом наадгайн өргөө, Ёс заншлын өргөө байгуулан хүүхэд хүүхдээсээ суралцах, хүүхдэд бодит орчинд сургалтын үйл ажиллагаанд оролцох, хамтран үйл бүтээх орчныг бүрдүүлсэн. Энэхүү үйл ажиллагаанд цэцэрлэгийн суралцагч нарын эцэг эх, асран хамгаалагчид хамтран оролцсон сайхан үйл ажиллагаа болсон. Энэ ажлын хүрээнд 25 нэр төрлийн 1200 ширхэг тоглоом, монгол гэрийн тавилга, эд хогшил, малын тоног, үндэстэн ястны хувцас хэрэглэгдэхүүнийг иж бүрнээр нь бэлтгэн тохижуулсан.

Мөн БШУ-ны Сайдын А/186 тушаалын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд суралцахуйн 6 чиглэлээр сургалтын төвүүдийг тохижуулан сургалтын хэрэглэгдэхүүн, тараах материалыг хүүхэд бүрт хүрэлцэхүйц, эрүүл ахуй аюулгүй байдлыг хангаж хийлээ. Хэдийгээр цар тахлын үе ч гэлээ багш нар маань багаараа хамтарч ажиллаад 2,1 сая төгрөгөөр 1260 ширхэг сургалтын хэрэглэгдэхүүн, тараах материалыг хийж, бүтээлч үйлийн орчныг бий болгосон. Мөн хүүхэд гэрээрээ суралцах нөхцөл боломжийг хангах үүднээс эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж, гэртээ суралцах хүсэлтэй хүүхдүүдэд цахимаар дасгал даалгавар, зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байна.

-Цар тахлын үед хэрхэн ажиллаж байна вэ?

-Цэцэрлэгт ирж байгаа хүүхдүүдээ бөөгнөрөл үүсгэхгүйгээр хүлээж авах, хүүхэд нэг бүрийн халууныг хэмжих, амны хаалт зүүлгэх, улавч өмсгөх, эцэг эхчүүдийг дотогшоо нэвтрүүлэхгүй байх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан ажиллаж байгаа. Мөн эцэг эх, асран хамгаалагч нартай гурвалсан гэрээ байгуулж, цар тахлын үед талууд ямар үүрэг хариуцлага хүлээх вэ гэдгийг тодорхой болгож өгсөн нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эхийн хариуцлагыг өндөржүүлэх, хүүхдийн аюулгүй байдалд багш ажилчид хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна.

Хичээл сургалтын үйл ажиллагааг хязгаарласан үед бид бүхэн цэцэрлэгийнхээ хаягаар дамжуулан анги тус бүрт цахим групп нээж, эцэг эхчүүдтэйгээ холбогдон мэдээлэл өгч ажиллаж байгаа. Мөн теле хичээлийг бататгах, хичээлийн хоцрогдлыг нөхөх чиглэлээр бүтээлч ажлуудыг хийж байна. Удахгүй 5 настай хүүхдүүд маань 1-р ангид орно. Иймээс сурагч болоход юу хэрэгтэй вэ?, бид юун дээр анхаарах ёстой вэ? гэдгийг багш нар маань эцэг эхчүүдтэй холбогдон ярилцаж “Хүн болох багаасаа-1 “ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд хамтран бүтээлчээр ажиллаж байна.

-Улаангом сумын 8-р цэцэрлэг аймгийн төвийн бусад цэцэрлэгээс юугаараа онцлог вэ?

-Аймгийн төвд төрийн өмчийн 12, хувийн хэвшлийн 3 цэцэрлэг сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа явуулж байна. Бид хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийн хамрагдалтын хувийг ахиулахын тулд гэр цэцэрлэгийг ажиллуулж байна.  Ингэснээр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд боломж олгож, бусад хүүхдийн адил суралцах, эрхээ хамгаалуулах, эрсдэлээс хамгаалах зорилгоор  25 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байна. Мөн хөдөөгийн малчин айлын хүүхдүүд айлд байгаад манай цэцэрлэгт хамрагддаг. Хүүхэд сургах зорилготой байгууллага болохоор бусад тойргийн хүүхдүүдийг ч гэсэн хүсэлтийнх нь дагуу цэцэрлэгтээ хамруулаад явж байна. Бид аливааг цаасан дээр буулгахаас илүүтэйгээр ажил дээрээ бодит зүйл болгон хэрэгжүүлэхийг зорьдог, аливаа ажлынхаа үр дүнг бүтээлчээр хэрэгжүүлэхийг эрмэлздэг, хандлагаа өөрчилж хариуцлагатай байх хүсэл зорилготой хамт олон гэдгээ хаана ч явсан хэлэх дуртай. Энэ нь бидний бахархал, нийгэмд хүлээсэн үүрэг юм.

2021-2022 онд улсын төсвийн 950 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга барина.

-Танай хамт олон өнгөрсөн хугацаанд ямар амжилтууд гаргасан бэ?

-Аймаг орон нутгаас явуулж байгаа уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож ирсэн. 2018 онд “Багшийн хөгжлийг дэмжигч байгууллага”-аар, 2019 онд гурван жил дараалан “Санхүүгийн зөрчил гаргаагүй итгэмжлэгдсэн байгууллага”-аар шалгарсан. Мөн аймгийн 33 цэцэрлэгийн дундах “Монгол хэл бичгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх” уралдаанд тэргүүн байр эзэлж байлаа. Тэрчлэн “Хүмүүнлэг үйлсийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, Биеийн тамир спортыг дэмжигч байгууллага болсон.

Энэ бүх амжилтын ард хамт олон минь байдаг.  Манай хамт олон багаар ажиллаж, хэн ямар үүрэг, хариуцлага хүлээх вэ гэдгээ хүн бүр сайн мэддэг. Мөн ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Эцэст нь тэмдэглэж хэлэхэд бид бүхний үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилладаг эцэг эх, асран хамгаалагчид болон хамтран ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс, хамт олондоо ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ереөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

-Танд баярлалаа.

                                          /"Ковидын дараах шинэ эхлэл" сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд/



関連ニュース