Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг найман удаа зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-03 10:51:00

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нийт нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамлын ургалт тааруу байгаа талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлэл хийв. Тодруулбал, 2021 оны тавдугаар сарын цаг агаарын нөхцөлийн тойм мэдээнээс үзэхэд нийт сумын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал болох хялгана, хазаар, агь, шарилж цухуйлт жигдэрсэн байна.

Одоогийн байдлаар ургамлын дундаж өндөр 1-4 см байгаа бөгөөд ургамлын ургалтын байдал Ховд нутгаар тааруу байна. Өөрөөр хэлбэл, Алтайн өвөр говийн сумдын нутгаар “дунд”, бусад сумын нутгаар “муу” гэсэн үнэлгээтэй байгааг салбарын мэргэжилтнүүд онцоллоо.

Ийнхүү бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай байгаа нь сүүлийн үед хур тунадас бага орсон, агаар, хөрсний чийг муу, салхи шуурга ихтэй олон хоног үргэлжилсэнтэй холбоотой аж.

Мөн одоогоор Жаргалант, Цэцэг, Манхан сумын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал цухуйгаагүй байна.

Өнгөрсөн тавдугаар сард Ховд аймгийн нийт нутгийн 80 орчим хувьд уулаараа цас, нам дор газраа бороо оржээ.

Хөрсний гадарга дээр 40-өөс дээш гарч халсан өдөр нийт суманд 12-27 өдөр ажиглагдсан. Үүнээс хамгийн олон өдөр нь Зэрэг, Манхан суманд 27 хоног ажиглагдсан гэж Ховд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.  

Үүнээс гадна өнгөрсөн тавдугаар сард нийт нутгаар салхины хурд секундэд 14-34 метр хүрч шуурсан.

Нийт сумын нутгаар 49.5 мм тунадас орсон ба Үенч суманд тунадас ороогүй байна.

Ховд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн хамт олон цаг агаарын төлөв байдлаас шалтгаалж “Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа”-г дөрөвдүгээр сараас эхлэн үе шаттай зохион байгуулж байна. 

Өнгөрсөн хугацаанд үүлний масс, салхины чиглэл зэргийг харгалзан цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг найман удаа зохион байгуулсан аж.  

Мэргэжлийн байгууллагын зүгээс цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг ирэх долоодугаар сарыг дуустал тодорхой үе шаттай зохион байгуулах эрхтэй байгаа. Сүүлийн арав хоногийн хугацаанд судалгаа хийсний үр дүнд өнөөдөр цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг дахин зохион байгуулахаар бэлтгэл хангасан. Одоо тодорхой байршил бүхий газар луу хөдлөх гэж байна хэмээн албаны эх сурвалж хэллээ.    

関連ニュース