Бөхчүүд баяр наадмын товыг хүлээн зөвшөөрөхгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд
тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл энэхүү шийдвэрийг Сүхбаатар аймгийн бөхчүүд
эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тодруулбал, тэд зөвхөн МСУХ-ны
саналд үндэслэсэн, бөхчүүдийн саналыг сонсоогүй, орон нутгийнхаа бөхчүүдийг
улсынхаа тэгш ойд зодоглох боломжийг хааж байна гэдэг байр суурьтай байгаа юм.
Тэгвэл энэ талаар аймгийн
Үндэсний бөхийн холбооны нарийн бичгийн дарга Ц.Энхбатаас тодруулахад “Наадмын
тов тогтоох хуралд холбооны тэргүүн Ц.Хүрэлбаатар оролцож, саналаа хэлсэн ч
олонхын саналаар товыг тогтоосон гэсэн. Бөхчүүд маань бүгд л цахим орчинд өөр
өөрсдийн санал бодлоо илэрхийлж байгаатай холбоотойгоор өнөөдөр дахин товын
талаар саналаа хүргүүлэхэд, одоо товыг дахин өөрчлөх ямар ч боломжгүй гэдэг
хариултыг бидэнд өгсөн. Манай бөхчүүд аймагтаа эсвэл улсад барилдах гэсэн
сонголтыг л хийх болоод байна” гэв.
Харин Монгол Улсын начин Бо.Батжаргалтай
цахимаар холбогдож байр суурийг нь сонсоход, Энэ жил бол онцгой жил. Ардын хувьсгалынхаа
100 жилийн ойд зодоглохыг бөх хүн бүр л хүснэ. Манай аймаг харьцангуй цөөхөн бөхтэй хэдий ч 1024 бөхийн барилдаанд 3, 4 давчихаад зогсож байх аймаг, сумын
цолтой залуу сайн бөх манайд олон бий. Ер нь заавал цолондоо биш л дээ. Улсынхаа түүхэн
их ойд зодоглоно гэдэг өөрөө бөх хүний хувьд том үйл явдал. Сая хөл хорионы
үеэр манай зүүн гурван аймгийн бөхчүүд хамтран хоёр сарын бэлтгэлд гарсан. Тэгэхээр
суурь бэлтгэл сайн байгаа гэж үзэж байна. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөгөөд
бид баяр наадмынхаа бэлтгэлд гарахаар төлөвлөж байгаа. Энэ жил тэгш ой нь
тохиож буй хэд хэдэн аймаг бий. Тэд бүгд улсынхаа баяр наадмаас зөрүүлж наадмаа
хийнэ. Энэ бол бөхчүүдээ түүхэн ойд барилдуулах том боломжийг нь нээж өгч байгаа
хэрэг. Тиймээс манай аймгийн удирдлагууд ч гэсэн гаргасан шийдвэрээ эргэн нэг
хараасай гэж хүсэж байна гэлээ.
Ардын хувьсгалын 100
жилийн ойгоор 1024 бөх зодоглоно. Энэ нь аймгийн цолтой бөхчүүдэд улсын цол
горилох, эрэмбээ ахиулах гээд олон давуу талтай байх юм.