Ойрын өдрүүдэд усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдөр усархаг аадар бороо орж байгаа тул автозам, гудамж, талбай усанд автаж, зарим газрын зорчих хэсэгт хүндрэл учруулж байна.
Мөн гэр хорооллын айл өрхийн хашаа, автомашины гарааш усаар дүүрч, зарим барилгад суулт өгөх аюул үүсэх магадлалтай байгаа талаар иргэд хэлж байна.
Гэр хорооллын бүсэд оршин суугаа зарим айл өрхүүд хашаа, амбаар зэрэгт тогтсон их хэмжээний усыг зайлуулах, суваг шуудуу татан үерийн аюулаас сэргийлэх ажлыг хийж эхэллээ.
Ойрын өдрүүдэд бороо их
орох төлөвтэй. Өөрөөр хэлбэл, ирэх долоодугаар сарын 2, 3-ны өдөр ихэнх
нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй, усархаг аадар бороо орох ба жижиг гол,
хуурай сайраар үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх
магадлал өндөр байгаа юм.
Иймд голын ай сав дагуу
суурьшиж буй айл өрх, иргэд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг
мэдээг тогтмол хүлээн авч, хөдөө орон нутаг руу зорчих болон амралт зугаалгаар
явахдаа аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдээ хараа хяналтгүй голын ойр
орчимд тоглуулахгүй байхыг анхаарууллаа.
Мөн автомашинтай зорчиж байгаа бол баталгаатай гүүр, гарц, гарамтай газраар гол, усыг гатлах зэргээр болзошгүй үер усны аюул, ослоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхааруулав.
Аймгийн төв буюу Жаргалант суманд одоогийн байдлаар хүчтэй аадар борооны улмаас 40 мм тунадас орлоо. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг Манхан, Зэрэг, Мөст, Цэцэг сумын нутгаар хийж байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.