Мьянмарын хөл бөмбөгийн шигшээ багийн хаалгач Японд дүрвэгчдийн статустай болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ТОКИО. /TASS/. Багийнхантайгаа хамт нутаг буцахаас татгалзсан Мьянмарын хөл бөмбөгийн шигшээ багийн хаалгач Пяэ Лян Аунд Японы эрх баригчид албан ёсоор дүрвэгчдийн статус олгосон тухай TBS телевиз мэдээлэв.
Өдгөө 27 настай хөлбөмбөгчин баримт бичгийг гардаж авахдаа Мьянмар дахь эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжиж буйн дохио болох гурван хуруугаа гозойлгосон байна. Энэ оны зургаан сард Пяэ Лян Аун ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцсоныхоо дараа Японоос Мьянмар луу буцахаас татгалзсан юм. Тоглолтын үеэр тэрбээр мөн гурван хуруугаа гозойлгож, олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татаж байв.
Мьянмар улсад хоёдугаар сарын 1-ний өдөр гарсан цэргийн эргэлтийг эсэргүүцсэн хөдөлгөөн өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа юм. Цэргийнхэн эсэргүүцлийг дарахын тулд зэвсэг хэрэглэсний улмаас 880 гаруй хүн амиа алдсан гэж хүний эрхийн байгууллагууд мэдээлжээ.
Мьянмарын цэргийнхэн хоёрдугаар сарын 1-нд нэг жилийн хугацаатай онц байдал тогтоож, засгийн эрхийг гартаа авсан. Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон парламентын сонгуулийг луйвардсан тул ийм шийдвэр гаргасан гэж цэргийнхэн мэдэгдсэн юм.