Флоридад барилгын нурангин дороос хүмүүсийг хайх ажлыг зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МАЙАМИ. /AP/. АНУ-ын Флорида муж улсын Майами-Дэйд тойргийн эрх баригчид орон сууцны барилга нурах үеэр сураггүй болсон хүмүүсийг эрж хайх, аврах ажиллагааг дуусгаснаа мэдэгджээ.
Сураггүй болсон хүмүүс амьд байх боломж байхгүй гэж үзэж, эрж хайх, аврах ажлыг зогсоосон байна. 12 давхар орон сууцны барилга нурах үеэр амиа алдсан хүний тоо 54 болжээ. Лхагва гарагт аврагчид 8 хүний цогцсыг нурангин дороос гаргасан байна. Одоогийн байдлаар 33 хүний хэн болохыг тогтоогоод байгаа аж.
Флорида муж улсын Майами хотын дагуул Сурфсайд хотын орон сууцны барилга зургаадугаар сарын 24-нд хэсэгчлэн нурсан билээ. Одоогоор 86 хүн сураггүй болсонд тооцогдож байна.