Афганистаны хөлбөмбөгчин онгоцноос унасны улмаас амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАБУЛ. /BBC/. Афганистаны нийслэл Кабул хотын нисэх буудлаас хөөрсөн АНУ-ын цэргийн нисэх онгоцонд тийзгүйгээр зорчихыг оролдсон залуу хөлбөмбөгчин өндрөөс унаж амиа алдсаныг Афганистаны холбогдох албаны удирдлагууд батлан мэдэгджээ.
Тийнхүү амиа
алдсан 19 настай Заки Анвари нь Афганистаны залуучуудын үндэсний шигшээ багт
тоглодог байжээ. Тэрбээр хэзээ нас барсан нь тодорхойгүй байна.
“Талибан” хөдөлгөөн
Афганистаныг дахин эзэлснээс хойш Өрнөдийн орнууд өөрийн улсын иргэд болон
афганистан ажилтнуудаа нүүлгэн шилжүүлэхээр яаравчлан ажиллаж байгаатай
зэрэгцэн олон мянган иргэн Кабулын нисэх буудалд цуглараад байгаа юм.
Даваа гарагт
нийгмийн сүлжээнд цацагдсан гэрэл зургуудаас үзэхэд, АНУ-ын агаарын цэргийн
нисэх онгоцыг хөөрөх зурвас руу явж байх үед олон зуун хүн даган гүйж байжээ.
Орон нутгийн хэвлэл
мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, нисэх онгоцыг хөөрсний дараа наад зах нь
хоёр хүн унаж амиа алдсан байна. Мөн нэгэн нисэх онгоцыг Катарт газардсаны
дараа дугуйн орчмоос нь хүний цогцосны үлдэгдэл олдсон гэдгийг АНУ-ын Агаарын
цэргийн хүчин баталжээ.
Афганистаны Биеийн
тамир, спортын ерөнхий газар амиа алдсан хөлбөмбөгчин З.Анварид хүндэтгэл үзүүлж
буйгаа “Facebook” хуудсаараа
дамжуулан илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ өөр олон хүн эмгэнэн гашуудаж
буйгаа нийгмийн сүлжээндээ нийтэлжээ.
Одоогийн байдлаар
АНУ-ын 4500 орчим цэрэг Афганистаны нийслэл дэх Карзай олон улсын нисэх буудлыг
түр хугацаагаар хянаж байгаа юм. “Талибан” афганистанчуудыг бичиг баримтгүйгээр
нисэх буудал руу нэвтрэхийг хориглож байгаа ч зарим тохиолдолд хүчин төгөлдөр
зөвшөөрөлтэй хүмүүст ч хүндрэл учирч байна.
Нисэх буудалд эмх
замбараагүй байдал үүсээд буй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден
цэргүүдээ Афганистанаас гаргах шийдвэрээ зөвтгөсөөр байна. Түүний хэлснээр,
Америкийн цэргүүд нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд туслахын тулд “Талибан”-тай
тохиролцсончлон наймдугаар сарын 31 гэхэд тус улсаас бүрэн гарахгүй байж магадгүй
байна.