Афганистанаас цэргүүдээ гаргахыг америкчуудын 70 хувь нь дэмжжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /Kyodo/. АНУ-ын цэргүүдийг Афганистанаас гаргах шийдвэрийг
америкчуудын 70 хувь нь дэмжиж буйг саяхан явуулсан нэгэн судалгааны дүн
харуулжээ. АНУ-д есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлагаас хойш 20 орчим
жилийн дараа Исламын шашинт “Талибан” хөдөлгөөн Афганистаны засгийн эрхийг
дахин гартаа аваад буй юм.
Чикаго хотод
төвтэй “Chicago Council on Global Affairs” судалгааны байгууллагаас долоодугаар сард явуулсан санал асуулгын дүнгээс
үзэхэд, олон нийт зарим шүүмжлэгчийн эсэргүүцэж буйг үл харгалзан Америкийн
цэргүүдийг Афганистанаас гаргах тухай Ерөнхийлөгч Жо Байдены шийдвэрийг дэмжиж
байгаа нь харагджээ.
Тухайлбал, хоёр
намын аль алиных нь дэмжигчид уг шийдвэрийг дэмжиж байгаа нь ажиглагдсан бөгөөд Ардчилсан
намыг дэмжигчдийн 77 хувь, нам бус хүмүүсийн 73 хувь, Бүгд найрамдахчуудын 56
хувь нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Харин санал
асуулгад оролцогчдын 29 хувь нь Америкийн цэргүүдийг тус улсаас татан гаргахыг
эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон “Аль-Каида”
бүлэглэлийн босогчдын зохион байгуулсан халдлага нь АНУ-ыг уг бүлэглэл болон “Талибан”
хөдөлгөөний эсрэг дайныг эхлүүлэхэд хүргэжээ.
Афганистаны нийслэл Кабул хотын олон улсын нисэх буудалд үүсээд буй эх орноосоо дүрвэх хүсэлтэй хүмүүстэй холбоотой эмх замбараагүй байдлын талаарх мэдээлэл сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах болсон нь АНУ-ын цэргүүдийг гаргах шийдвэрт шүүмжлэл дагуулах болоод байгаа юм.
Харин Цагаан
ордноос Ж.Байдены мэдэгдсэнээр, “Афганистан дахь үндэсний цор ганц ашиг сонирхол”
бол Америкийн нутаг дэвсгэрт террорист халдлага үйлдэгдэхээс урьдчилан
сэргийлэх явдал байжээ. Тэрбээр талибууд наймдугаар сарын 15-нд Кабулд нэвтрэн
орж, Засгийн газрыг түлхэн унагаасны дараа ийнхүү мэдэгдсэн юм.
Мөн “Associated
Press” агентлаг болон Чикагогийн их
сургуулийн “NORC” судалгааны
байгууллагаас энэ сард явуулсан өөр нэгэн судалгаагаар, америкчуудын дийлэнх
буюу 62 хувь нь олон нийт дотоод дахь хэт даврагч бүлэглэлүүдийн учруулж буй
аюул заналд илүү санаа зовниж байгаа тул Афганистанд дайтах “ямар ч
шаардлагагүй” гэж үзсэн байна.
Энэ үзүүлэлт
Ардчилсан намыг дэмжигчдийн дунд илүү өндөр буюу 67 хувь байсан бол бүгд
найрамдахчуудын 57 хувь нь ийм үзэл бодолтой байжээ.
Ж.Байдены хувьд Америкийн
бүх иргэнийг Афганистанаас нүүлгэн шилжүүлэх хүртэл цэргүүдээ байлгана гэдгээ
мэдэгдээд байгаа бөгөөд энэ нь шаардлагатай тохиолдолд наймдугаар сарын 31-нээс
цааш сунгаж болохыг харуулж байгаа юм.
Мөн тэрбээр
АНУ-ын Засгийн газар америкчууд болон АНУ-ын холбоотнууд, мөн АНУ-ын Элчин
сайдын яам болон бусад байгууллагуудад ажилладаг афган иргэдийг товлосон
хугацаандаа нүүлгэн шилжүүлэхийг хичээнэ гэдгээ илэрхийлжээ.
Өмнөх Ерөнхийлөгч
Дональд Трампын хувьд Америкийн цэргүүдийг Афганистанаас 2021 оны тавдугаар
сарын 1 гэхэд гаргахаар “Талибан”-тай тохиролцсон бөгөөд Цагаан ордны
мэдээллээр, түүний засаг захиргааны үед цэргүүдийн тоо ойролцоогоор 15500-гаас
2500 болж буурсан байна.