Германд галт тэрэгний жолооч нар дахин ажил хаяжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЕРЛИН. /АР/. Германд суудлын галт тэрэгний жолооч нар хоёр өдрийн ажил хаялт зарлаж, даваа гарагт ажлаа зогсоожээ.
Тус улсын гал тэрэгний жолооч нар энэ сард хоёр дахь удаагаа ажил хаяж буй нь энэ юм.
Ажил хаялтыг галт тэрэгний толгой буюу зүтгүүрийн жолооч нарын үйлдвэрчний эвлэл (GDL) зохион байгуулж байгаа бөгөөд наймдугаар сарын 23-наас 25 хүртэл үргэлжлэх аж.
Нийт 37 мянга гаруй гишүүнтэй тус холбоо коронавирусний цар тахал дэгдээд байгаатай холбоотойгоор галт тэрэгний жолооч нарын цалинг 3.2 хувиар нэмэгдүүлэх, мөн нэг удаа 600 евро буюу 703 ам.долларын урамшуулал олгохыг шаардаж байгаа юм.
Үйлдвэрчний эвлэлийнхэн “Deutsche Bahn” төрийн өмчит төмөр замын компанитай цалинг хэзээ нэмэх, хөдөлмөрийн хөлсний гэрээг ямар хугацаатай байгуулах талаар тохиролцоонд хүрээгүй байгаа аж.
“Deutsche Bahn” энэ онд "коронавирусний урамшуулал" олгох хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа ням гарагт мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч үйлдвэрчний эвлэл саналыг нь "бас нэг утаан халхавч" гэж нэрлээд татгалзсан хариу өгч, ажил хаялтаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Германд галт тэрэгний жолооч нар өмнө нь наймдугаар сарын 10-12-ны өдрүүдэд ажил хаяж, үүний улмаас улс даяар зорчигч болон ачаа тээвэр зогссон юм.