“Forbes” Оросын нөлөөллийн хөрөнгө оруулагчдын жагсаалтыг гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /RIA Novosti/. Нийгмийн асуудлыг шийдэх төслүүдийг дэмжин, бүх талуудад эерэг нөлөө үзүүлэх хөрөнгө оруулалтыг (Impact investment) хийдэг Оросын бизнес эрхлэгчдийн жагсаалтыг “Forbes” сэтгүүлээс анх удаа гаргалаа.
Уг жагсаалтыг ОХУ-ын Дижитал хөгжил, харилцаа холбоо, олон нийтийн харилцааны яамны орлогч сайд асан, цахилгаан автомашин үйлдвэрлэгч гарааны компани болох “Arrival”-ын ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Денис Свердлов тэргүүлсэн байна.
“Бизнес эрхлэгчид буяны үйлс, нийгмийн болоод экологийн төслүүдэд асар их хэмжээний мөнгө хандивлаж, дэлхий ертөнцийг өөрчилж эхэлсэн билээ. Энэ бүхнийг нэлээд хураангуйлаад “импакт” /англи хэлнээс орчуулбал нөлөөлөл эсвэл нөлөөлөх гэсэн утгатай/ хэмээн нэрлэх болсон” гэж “Forbes” сэтггүүл тайлбарлажээ.
Жагсаалтыг гаргахдаа бизнес эрхлэгчдийн өнгөрсөн 11 жилийн хугацаанд "сайн сайхны валют" буюу буяны үйлсэд илгээсэн эсвэл байгаль орчин, нийгмийн тодорхой асуудлыг шийдвэрлэхэд оруулсан хөрөнгийн хэмжээнд үндэслэсэн байна. Энэхүү жагсаалтад багтсан бизнес эрхлэгчдийн "сайн сайхны валют" -д оруулсан нийт хөрөнгийн хэмжээ 31.5 тэрбум ам.доллар болжээ.
Жагсаалтын эхний аравт мөн “USM Holdings”-ийн хамгийн том ашиг хүртэгч Алишер Усманов, “Ренова” компанийн гол эзэмшигч Виктор Векселберг, “НЛМК” группийн гол ашиг хүртэгч Владимир Лисин, "Evraz" компанийн хамгийн том ашиг хүртэгч Роман Абрамович, "Еврохими” болон СУЭК эрчим хүчний компанийн ашиг хүртэгч Андрей Мельниченко, “UC Rusal” компанийн хамтран эзэмшигч Олег Дерипаска болон түүний гэр бүл, “Лукойл” компанийн тэргүүн Вагит Алекперов нар багтсан байна.
Импакт хөрөнгө оруулагчдын анхны жагсаалтад нийт 31 бизнес эрхлэгч оржээ.