Зах дээр сүүлийн гурван өдөрт шахмал түлш, нүүрс байхгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд
/МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвд гэр хорооллын бүсэд амьдарч
буй айл өрхүүд галлагаа хийж, түлээ нүүрсний хэрэглээ нэмэгдсэн. Гэвч
одоогийн байдлаар зах дээр нүүрс, шахмал түлшний нөөц байхгүй тул худалдахгүй
байна.
Одоо жижиглэн худалдаагаар зөвхөн аргал, мод зарж байна. Сүүлийн гурван өдрийн хугацаанд шахмал
түлш, нүүрсийг автомашин эсвэл уутаар авч ирж, борлуулж байгаа тохиолдол
байхгүй гэж худалдаа эрхлэгчид хэллээ.
Хүйтний улирал
эхэлсэнтэй холбогдуулан зарим айл өрхүүд нүүрс, шахмал түлш авах хүсэлтэй
байна. Иймээс цаашид нүүрсийг татан авах, их хэмжээгээр борлуулах чиглэлд аймаг
орон нутгийн зүгээс анхаарч ажиллах шаардлагатай гэж зарим иргэд хүсэлт уламжиллаа.
Зах дээр нэг уут модыг
6-8 мянган төгрөгөөр борлуулж байна. Мөн нэг уут аргал 6 мянга, машинтай аргал 95
мянган төгрөгийн үнэтэй байна.
Худалдаа эрхлэгчдийн ярьж байгаагаар зэргэлдээ аймгийн нутаг дэвсгэрт орших Хотгор, Тарвагатайн нүүрсний уурхайгаас нүүрс татан авалт хийхээр орон нутгийн жолооч нар
явсан.
Улмаар нэг тонн нүүрсийг 120-150 мянган төгрөгөөр
борлуулах төлөвтэй байна.