Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-11-02 21:04:56

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын гэр хорооллын айл, өрхүүд цахилгааны хөнгөлөлтөд хамрагдаж эхэллээ. Арван мянгаас дээш хүн амтай, сум, суурин газрууд цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагддаг.

Дархан сумын тухайд арван мянга орчим өрх гэр хороололд амьдардаг. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор батлагдсан "Гэр хорооллын айл, өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлт 2021-2022 оны хүйтний улиралд хүчин төгөлдөр хэрэгжинэ.

Хөнгөлөлт энэ оны 11 дүгээр сарын 1-нээс 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх аж. Ингэхдээ гэр хорооллын хэрэглэгчид 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд ахуйн зориулалттай хэрэглэсэн цахилгаан нь хөнгөлөлтөд тооцогдох аж. Засгийн газраас цахилгааны төлбөрийг төлж байгаа хэдий ч хэрэглэгчид цахилгааны үлдэгдэл өр, төлбөргүй  байх шаардлагатайг эрчим хүч түгээх байгууллагаас мэдэгдсэн. Хэрэв өр, төлбөртэй тохиолдолд "Шөнийн тарифын хөнгөлөлт"-д хамрагдахгүй ажээ.

関連ニュース