БНСУ-Монголын түүхэн харилцаа нь хоёр талын Дээд хэмжээний уулзалтын ерөнхий төлвийг харуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-16 12:39:28

СӨҮЛ. /Arirang/. Өмнөд Солонгос, Монгол Улс хоёр дайсагналаас найрсаг харилцаанд хүрсэн хэдэн зуун жилийн түүхэн харилцаатай орнууд юм.

Монгол Улс 1990 онд Зөвлөлт маягийн социалист дэглэмээс татгалзан , ардчилсан улс болсны дараа БНСУ тус улстай дипломат харилцаа тогтоосон билээ. Энэ цагаас хойш хоёр орны харилцаа цэцэглэн хөгжиж байна.

Одоогийн байдлаар 30 мянга орчим монголчууд Өмнөд Солонгост амьдарч байгаа бол 2700 гаруй солонгосчууд Монголд байнга оршин сууж байна.

Хоёр орны худалдааны эргэлт одоогийн байдлаар 300 сая долларт хүрээд байгаа бөгөөд БНСУ нь Монголын хувьд худалдааны дөрөв дэх том түнш, гурав дахь том донор орон юм.

Үүний зэрэгцээ солонгосчуудын хамгийн аялах дуртай орнуудын нэг Монгол болоод байгаа нь өнгөрсөн онд 47 мянга орчим солонгосчууд Монголоор аялснаас харагдана. Харин 6000 орчим монголчууд өнгөрсөн онд Өмнөд Солонгос руу аялжээ.

Гэвч хоёр орны харилцаанд Умард Солонгос газар зүйн байрлал гээд олон талаар саад  тотгор учруулж байгаа юм.

Дэлхийн II дайны дараа Монгол Улс социалист улс болж, Умард Солонгосын тууштай холбоотнуудын нэг болсон байна. Солонгосын дайны үеэр монголчууд Умард Солонгост хүнсний тусламж үзүүлж байсан бол Умард Солонгосын удирдагч Ким Ир Сен Зөвлөлтийн үед Монголд хоёр ч удаа айлчилж байжээ.

Харин сүүлийн жилүүдэд Монгол Улс хоёр Солонгостой явуулж буй найрсаг харилцаагаа хадгалахын тулд тус хоёр улс руу чиглэсэн бодлогоо тэнцвэржүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд Монголын тал Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг эрс буруушааж ирсний сацуу Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ким Жөн Ун төрийн эрхэнд гарснаас хойш буюу 2013 онд Пхеньянд айлчилсан билээ.

Хоёр орны хооронд одоо болох гэж буй Дээд хэмжээний уулзалтын явцад БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Сөүл-Улаанбаатарын харилцааг бэхжүүлэх, мөн цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулахын тулд Монголоор дамжуулан Умард Солонгост шахалт үзүүлэх талаар ярилцана.

Д.Нямтулга

 

 

 

関連ニュース