Ирэх сараас зарим иргэн коронавирусний шинжилгээг төлбөртэй өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комиссын хурал өнөөдөр болж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн асуудлын тухай хэлэлцлээ.
Ховд аймгийн цаг
агаарын урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд сүүлийн 10 хоногийн хугацаанд хүйтний
эрч эрс чангарах төлөвтэй байгаа аж. Иймээс энэ удаагийн хурлын үeэр Ховд
аймагт үйл ажиллагаа явуулж буй хоёр дулааны станц зарим хэрэглэгч, айл өрх,
албан байгууллагын дулаан хангамжийг сайжруулах, доголдлыг бууруулахад анхаарч
ажиллахыг зөвлөлөө.
“Бадамлах дөл” ХХК-ийн
дулааны станц одоогоор 30 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Харин “Ховд” дулааны
станц 18 хоногийн нүүрсний нөөцтэй, 2 зуухаар галлагаа хийж байгаа аж.
Мөн тус хурлын хүрээнд цаашид
олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн, уралдаан, сургалтыг
халдвар хамгааллын дэглэм баримтлан зохион байгуулахыг зөвшөөрчээ.
Үүнээс гадна коронавирусний
халдвар илрүүлэх шинжилгээ авахдаа 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн
халдварын голомтод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч, 7 хүртэлх насны хүүхэд, хөгжлийн
бэрхшээлтэй иргэн болон 60-аас дээш насны иргэдээс үнэ төлбөргүй, бусад иргэнээс
15 мянган төгрөгийн төлбөртэй авах шийдвэр гаргасан байна.
Түүнчлэн Мал эмнэлгийн eрөнхий газраас хуваарилсан шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор татан авах ажлыг зохион байгуулж, мал сүргийг гуравдугаар сарын 1-ний дотор дархлаажуулалтад бүрэн хамруулахыг холбогдох байгууллагад үүрэг болгов.