Одоогоор Мянгад суманд хамгийн хүйтэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Тодруулбал, энэ сарын 14-ний өдрийн 08:00 цагийн байдлаар Ховд аймгийн
Мянгад суманд хамгийн хүйтэн буюу -38°С, Цэцэг суманд -37°С байна.
Харин Мөнххайрхан суманд -20°С, Алтай,
Үенч, Булган суманд 21-25°С хүйтэн байгаа аж.
Ховд аймгийн ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй. Жаргалант, Зэрэг сумын нутгаар хамгийн их буюу 6 см, Мөст, Дуут сумын нутгаар 1 см зузаан цастай, Мөнххайрхан суманд цасан бүрхүүлгүй байна.
Мал хэвтрээсээ жиндэж хээл хаях нөхцөл үүсэж байна
Нийт сумдад тарга тэвээрэг муутай малд, өвс, нэмэгдэл тэжээл өгөх, хаваржилтын бусад бэлтгэл ажил үргэлжлэн явж байна. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд гол, нуурын хөндий газраар шөнөдөө 34-40 градусаас давж хүйтэн хоносон. Сүүлийн үeд малын өтөг бууц хөлдөх, хээлтэй мал хэвтрээсээ жиндэж хээл хаях нөхцөл үүсэж байгаа тул малчид малын хэвтэр бууцыг хатаах, хуурай бууцаар сэлгэх арга хэмжээг авахыг мэргэжилтнүүд зөвлөлөө. Их нууруудын хотгорын сумдад хүйтний эрч хадгалагдан жиндүү хүйтэн хэвээр байна.
Цаашид буюу 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хүртэлх 7
хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс танилцуулсан.
Үүнд, "энэ сарын 15,17-нд
уулархаг нутгаар ялимгүй цас, 16-нд зарим газраар бага зэргийн цас орно.
Салхи энэ сарын 15, 16-нд баруун өмнөөс секундэд 6-11метр, зарим
газраар секундэд 12-14 метр байх төлөвтэй. Бусад хугацаанд салхи баруунаас секундэд 4-9 метр байна.
Агаарын температурын хувьд цаашид их нууруудын хотгороор шөнөдөө 31-36
градус, өдөртөө 17-22 градус байна. Харин бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15
градус хүйтэн байх төлөвтэй" гэв.