Цахим хичээл, контент бэлтгэх лабораторитой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ-ны 19 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баруун-Урт сумын ерөнхий
боловсролын нэгдүгээр сургууль цахим хичээл, контент бэлтгэх лабораторитой
боллоо. Уг лабораторийг сургууль, Боловсролын газар гээд аймаг тус бүрт хоёрыг
байгуулж байгаа аж.
Цар тахлын
нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсролын байгууллагын үйл ажиллагаа танхим болон цахим гэсэн хосолсон хэлбэрээр явагдсан. Энэ
хугацаанд боловсролын байгууллагууд өөрт байгаа дотоод нөөц бололцоо, мэдээлэл
технологийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмждөө тулгуурлан сургалтын ажлаа
тасралтгүй явуулсаар ирсэн. Гэвч дуу шум, дүрсний чанар гээд багш нарын маань
бэлтгэсэн цахим хичээлүүдэд шаардлага хангахгүй зүйл олон байсан. Харин одоо
эдгээр асуудал бүрэн шийдэгдлээ гэж харж байна. Хамгийн гол нь бид хил
хязгааргүйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулах боломжтой боллоо. Цаашлаад
лаборатори ашиглалтын үр дүнгээ бусад сургуульдаа тайлагнаж, туршлагаасаа
хуваалцан хамтран ажиллана гэж сургуулийн захирал Ц.Оюунжаргал хэллээ.
Энэхүү
лабораторийг байгуулснаар сургалтын үйл ажиллагааны чанар, үр өгөөж дээшлэх,
сургалтын тасралтгүй байдлыг хангах, багш нарын ээлжит хичээлийн чанарыг
нэмэгдүүлэх, багш нар хамтран суралцаж хөгжин ур чадвар нь дээшлэх олон давуу
талтайг албаны хүмүүс хэлж байна.