“Галдан бошигт хаан” маркийг шинээр бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-02-22 17:56:06

Ховд /МОНЦАМЭ/. “Галдан бошигт хаан” сэдэвт шуудангийн маркийн нээлт Ховд аймагт боллоо. 

Тодруулбал, Монгол Улс үндэсний мөнгөн тэмдэгтээ гүйлгээнд гаргахаас ч өмнө марк гаргаж байсан нь монгол маркийн үнэ цэн, зузаан түүхийн нэгэн гэрч болдог. Манай улсын анхны маркийг 1924 онд хэвлэн гаргасан бол өдгөө хамгийн отгон буюу 1097 дахь маркийг “Галдан бошигт хаан” сэдвийн хүрээнд бүтээж, өнөөдрөөс гүйлгээнд гаргаад байна.  

Шинээр хэвлэгдсэн, Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд орж буй “Галдан бошигт хаан” сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр Ховд аймагт зохион байгууллаа. 


“Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Улаанбаатар хот дахь Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Б.Загдсамбар, Их Монголын хутагт хувилгаад сангийн тэргүүн Р.Бямбаа тэргүүтэй албаны хүмүүс шинэ маркийн эх зургийн бүтээлгийг авч, хөшиг нээх ёслолоор тус үйл ажиллагааг эхлүүлсэн юм. 

Тус марканд Галдан бошигт хаан, Ану хатан, харлаг сүлд барьсан Данжила жанжин нар их цэргээ манлайлж яваа байдалтай түүхэн цаг хугацааг илэрхийлсэн бөгөөд Цамбагарав уул, цагаан шонхор шувуу, хааны хүрээ, бошигтын бух, “Сэтгэлдэ багтааж чадвал их, бага үгүй” гэсэн үгийг тод бичгээр дүрслэн ийнхүү бүтээжээ.

Энэхүү маркийн зураачаар Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг нар ажилласан бөгөөд өдгөө 20 мянга орчим ширхэгээр хэвлэсэн байна. Ингэснээр дэлхийн 190 гаруй улсад Ойрадын Галдан бошигт хааны алдар гавьяаг сурталчлан таниулах нэгэн бэлэг тэмдэг болох аж.         

Дээрх үйл ажиллагааны үеэр “Галдан бошигт хаан” сэдэвт шуудангийн марк үнэт цаас болж буйг тунхагласан бөгөөд “Монгол маркийн музей”-д хадгалуулах анхны дугтуйнд нэр бүхий удирдлагууд гарын үсэг зурж, тамгаллаа.

Сонирхуулахад, уг маркийн хэмжээ нь 35х50 мм, блокийн хэмжээ нь 150х105 мм, анхны өдрийн дугтуйны тоо 1500 ширхэг байлаа. 

関連ニュース