Гар урлаач эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-03-02 15:09:50

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамт олон өнгөрсөн онд аж ахуй эрхлэгчдийг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх, залуучууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 5 хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Тэгвэл энэ жил дээрх хөтөлбөрөөс гадна “Ногоон ажлын байр”,  “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” гэсэн 2 хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, тус байгууллага 2022-2023 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 7 хөтөлбөр, 28 арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна.

Энэ удаад Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас санаачлан ЗДТГ, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Гар урлаач эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөнд хөдөөгийн сум тус бүрээс 3 эмэгтэй, аймгийн төв болох Жаргалант сумаас 40 гаруй эмэгтэй гээд нийт 100 хүн оролцож, харилцан туршлага солилцож байна. 

Ингэснээр орон нутагт өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх, гар урлаач эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хамтын оролцоотой шийдвэрлэх боломж өргөжинө гэж албаныхан онцоллоо.      

Мөн энэхүү зөвлөгөөнд оролцож байгаа эмэгтэйчүүдийн бүтээлийн үзэсгэлэнг өнөөдөр бүтэн өдрийн турш аймгийн ЗДТГ-ын хуралдааны их танхимын дэргэд гаргаж, олон нийтийн хүртээл болгож байна.

Энэ үеэр орон нутгийн гар урлаач эмэгтэйчүүдийн хийсэн, бүтээсэн 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулсан юм.

Тодруулбал, Үенч сумын иргэн М.Хорлоо нь 10 гаруй жилийн хугацаанд үндэсний хувцас урлаж байна. Ихэвчлэн захчин угсаатны дээл, хөх тарианы гурилын даавуун уут зэргийг хийж байна.

Харин Манхан сумын иргэн Ц.Цэцгээ гар урлалын бүтээгдэхүүн хийгээд 12 жил болж байна. Тэрбээр гэрийн бүс, оосор бүч зэргийг хийхээс гадна малын гаралтай түүхий эд ашиглан хийж болох бүх зүйлийг хэрэгжүүлэхээр зорьж явна. Тухайлбал, малын эвэр, туурайгаар айргийн шанага хийж, зах зээлд борлуулж байгаа юм. 

Мөн  Алтай сумын иргэн  П.Бадамцэцэг нь 2015 оноос эхлэн ширмэл бүтээгдэхүүн хийж байна. Тэрбээр сумынхаа ажилгүй эмэгтэйчүүдэд гар урлалын бүтээгдэхүүн хийх арга, аргачлалыг эзэмшүүлэх зорилго бүхий сургалт зохион байгуулдаг. Үүний зэрэгцээ нутгийнхаа 3 эмэгтэйтэй хамтран ажиллаж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Улаанбаатар хот, гадаадын зарим улс руу захиалгаар нийлүүлж байгаа аж.             

Тэгвэл Буянт сумын иргэн Х.Буянжаргал 2003 оноос сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулан зах зээлд нийлүүлж байна. Сонирхуулахад, энэ жил шинээр уламжлалт аргаар бэлтгэсэн бэлэн хоолыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. Үүний орц гэвэл: хэрчсэн гурил, хатаасан үхрийн борц, лууван, манжин, сонгино зэргээс бүрдэж байна. Энэхүү борцтой гурилтай шөлний бэлдэцийг 300 гр савлагаатай гаргажээ.    


Аймгийн гар урлаач эмэгтэйчүүдийн хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн маргааш буюу энэ сарын 3-ны өдөр “Ховдод үйлдвэрлэв” борлуулалтын төв дээр үргэлжилж, цахимаар сурталчлах юм.

Үүний үр дүнд гар урлаач эмэгтэйчүүд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах шинэ суваг, арга замыг бий болгож, улмаар орлогоо нэмэгдүүлэх давуу талтай гэж мэргэжилтнүүд онцоллоо.    

 

 

関連ニュース