Улсын аварга малчин Б.Хаш-Эрдэнэ, Ч.Цэдэндамба нарын шагналыг гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд
/МОНЦАМЭ/. Улсын аварга малчин цолны болзлыг хангасан Ховд
аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн малчин Бямбын Хаш-Эрдэнэ, Эрдэнэбүрэн
сумын Хонгио багийн малчин Чанагийн Цэдэндамба нарт шагналыг нь гардуулан өгчээ.
Сүүлийн 5 жил мал сүргээ хорогдолгүй онд оруулжээ
Улсын аварга малчин болсон
Б. Хаш- Эрдэнэ нь 1982 оноос эхлэн мал маллаж, өөрийн аав улсын сайн малчин
Бямбаас мал маллах ухааныг өвлөн авчээ.
Удам дагасан малчин
тэрбээр мал сүргээ сүүлийн 17 жил тасралтгүй өсгөн 1164-2955 толгойд хүргэж,
залуу малчдыг малжуулах, тэдгээрийг малч ухаанд сургахад идэвх зүтгэлтэй
ажиллаж байгаа гэж сумын удирдлагууд онцоллоо.
Б. Хаш- Эрдэнэ нь зун,
намрын улиралд отор нүүдлийг сайн хийж, жил бүр нийт мал сүргээ дундаас дээш
тарга хүч авхуулснаар сүүлийн 5 жил мал сүргээ хорогдолгүй онд оруулж 100
хээлтэгчээс 125 хувиар төл бойжуулсан амжилттайгаар ажиллаж байна.
Тэрбээр малаа
эрүүлжүүлэх, үүлдэр угсааг сайжруулах
ажилд идэвх санаачилга гарган Баяд үүлдрийн хуц, Увс аймгийн Өлгий сумын
улаан ухна, “Хэцийн хүрэн” буурыг сайжруулагчаар ашиглан сүүлийн 3 жилд үржлийн
жишигт тэнцсэн буур 16, азарга 8, 290 хуц,
261 ухныг Өлгий, Дөргөн сум болон орон нутгийн иргэдэд нийлүүлсэн аж.
Мөн Б.Хаш-Эрдэнэ нь 5
га хадлангийн талбай эзэмшдэг бөгөөд жил бүр 20-35 тонн хадлан, 2.5-3.5 тонн
гар тэжээл бэлтгэн авдаг. Багийнхаа малгүй болон мал цөөнтэй 9 өрхийг малжуулж, 581 толгой малыг хандивласны дээр ажилгүй иргэдийг ажлын байраар хангах
зорилгоор 2 өрхийн 4 иргэнийг туслах малчнаар авч ажиллуулан, тэдгээрийг
малжуулж байна.
Түүнчлэн Ховд аймгийн
“Хүүхэд залуучуудын ордон”,” Цагаанбулан багийн төв”-ын тохижилт зэрэг бүтээн
байгуулалтад өөрийн зүгээс 3.5 сая төгрөгийн хандив тусламж өгч, орон нутагт
зохиогдож байгаа баяр наадам, олон нийтийн арга хэмжээ болон сургууль,
цэцэрлэгийн хүүхдийн хүнсэнд зориулан өөрийн хувь нэмрээ оруулдаг аж.
Б.Хаш-Эрдэнэ нь 2010
онд “Аймгийн сайн малчин”, ХХААЯ-ны "Хүндэт жуух бичиг”, “Тэргүүний залуу
алтан” медаль, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнуулж байсан. Иймээс Б.Хаш-Эрдэнийн идэвх зүтгэл, ажлын амжилтыг үндэслэн Улсын аварга малчнаар ийнхүү тодрууллаа.
Малын үүлдэр угсааг сайжруулах, чанаржуулахад анхаарч байна
Улсын аварга малчин
болсон Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Ч.Цэдэндамба нь эхнэр Д.Дорждуламтай
хамтдаа 36 жил мал маллаж байна.
Эднийх мянгаас дээш мал
тоолуулаад 16 жил болж байна. Энэ хугацаанд ямаан сүргээр нэг удаа, бусад үед
хонин сүргээрээ дагнан өсгөж байна.
Өвөлжөө, хаваржаандаа
тохилог сууц барьж, хашаа хороогоо тохижуулан мал маллаж сайхан
амьдрахын үлгэр дуурайлыг үзүүлж байгаа тухай сумын удирдлагууд хэллээ.
Тус малчин өрх байгалийн
хадлан, агь навч, гар тэжээл, хужир шүү зэргийг нөөцөлж бэлтгэхийн зэрэгцээ 40-50
тонн хадланг суурийн хүчээр хийж, хаврын бэлтгэлийг сайтар хангадаг аж.
Мөн Мөст сумаас залуу
малчин Х.Дамдинсүрэнг ээжээс нь зөвшөөрөл авч, 2000 оноос эхлэн туслах малчнаар
ажиллуулжээ. Улмаар 2005 онд гэр бүлтэй болоход нь бүрэн тавилгатай өргөө
цагаан гэр бэлдэж, мал маллах арга ухааныг эзэмшүүлсэн байна. Ингээд туслах
малчин нь 2018 онд “Сумын сайн малчин” цол хүртэж амьдрал ахуй нь сайжирсан юм.
Ч.Цэдэндамба нь малдаа
дээд зэргийн тарга хүч авахуулан маллаж, өсгөн үржүүлэх, нэг малаас авах ашиг
шимийг нэмэгдүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, малыг чанаржуулахад гол анхаарлаа
төвлөрүүлэн Увс аймгийн Өндөрхангай сумаас Баяд үүлдрийн шилмэл омгийн хуц,
Өлгийн улаан омгийн ухна, Завхан аймгийн Дөрвөлжин сумаас ухна, мөн адуундаа
Увс аймгийн Тэс сумын гүү, Тод манлай уяач Ононгийн адуун сүргээс азарга авч
ирж нутагшуулан малынхаа чанар үүлдрийг сайжруулсан байна.
Түүний ажлын амжилтыг төр
засгаас өндрөөр үнэлэн Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, аймаг сумын сайн
малчин цол, аймгийн хүндэт тэмдэг, ХХААХҮЯ-ны тэргүүн, Алтангадас одонгоор тус
тус шагнаж байжээ.
Малчин Ч.Цэдэндамба нь 2
өрхийг 6 жил туслах малчнаар ажиллуулан 80-аад малтай байсан өрхийг 300 гаруй
толгой малтай болгон малжуулсан. Мөн багийн мал цөөтэй малчин өрхийг малжуулахад
анхаарч, сүүлийн 3 жил 9 өрхийг 18 толгой бод, 470 толгой бог малаар малжуулсан
байна.
Үүнээс гадна сумын бүтээн
байгуулалт, олон нийтийн үйл ажиллагаа, байгууллагуудад хандив, тусламж үзүүлж
байна.
Малын үүлдэр угсааг
сайжруулахад ихээхэн анхаарч сүүлийн жилүүдэд үржилд 17 толгой бод, 251 толгой
бог мал шилэн сонгож тавьжээ.
Ч.Цэдэндамба нь мал
маллахын зэрэгцээ хурдан морь сонирхдог. Олон жил хурдан морь уяж сумын
наадмаас олон айраг, түрүү авсан амжилтаараа Аймгийн алдарт уяач цол хүртсэн юм.
Иймээс эцэг өвгөдөөс уламжлан ирсэн нүүдэлчин ахуй соёлоо хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээж буй малчин Ч.Цэдэндамбыг Улсын аварга малчнаар тодруулжээ.
Ийнхүү шинээр тодорсон Улсын аварга малчдын шагналыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан тэргүүтэй ажлын баг гардуулан өгчээ.