Хүүхдийн тасагт 84 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-03-11 19:45:23

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо өсч, Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн ачаалал тодорхой хувиар нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар тус тасагт 84 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 90 гаруй хувь нь томуу, томуу төст өвчин, түүний хүндрэл хатгалгаагаар оношлогджээ. Мөн амбулаторийн үзлэгээр өдөрт 100 гаруй хүүхэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байгааг эмч нар хэллээ. 

Хүүхдийн тасаг нь 40 ортой бөгөөд сүүлийн үед ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан Халдвартын эмнэлгийн хоёр давхарт 50 ор нэмэлтээр дэлгэсэн байна. Оргил ачааллын үед 130 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад нэлээд өндөр үзүүлэлт гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо

Ийнхүү томуу, томуу төст өвчин, түүний хүндрэл хатгалгаагаар оношлогдсон хүүхдийн дийлэнх нь 0-5 хүртэлх насныхан юм.

Томуу, томуу төст өвчин нь вирүсээр үүсдэг амьсгалын замын цочмог халдварт өвчин бөгөөд халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих гэх мэт шинж тэмдгээр илэрдэг.  Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт бөгөөд бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийг эмч нар зөвлөлөө.   

 

関連ニュース