Бөхийн барилдаанд 32 цэцэрлэгийн 128 хүүхэд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-03-17 15:38:07

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгаас төрөн гарсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн ирээдүйн залгамж халааг бэлтгэх зорилготой “Босоо заяатай монгол” үндэсний бөхийн барилдааныг 10 дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус аймаг спортын салбарыг хөгжүүлэх, хүүхэд багачууд, өсвөр, залуу үеийн тамирчдыг дэмжих зорилтын хүрээнд “Спортын аваргууд” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа.

Энэ удаагийн тэмцээний зорилго нь Монгол үндэсний бөхийн дэг жаяг, арга техникийг хүүхэд багачуудад танин мэдүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай, тэсвэр хатуужилтай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байгааг албаныхан онцоллоо.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилгаар цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Босоо заяатай Монгол” үндэсний бөхийн барилдааныг коронавирусний халдварын тархалтаас шалтгаалан хоёр жил завсарласан ч энэ ондоо дахин сэргээж, үйл ажиллагааг нь улам өргөжүүлжээ.

Энэ удаагийн бөхийн барилдаанд оролцохоор Ховд аймгийн 17 сумын 32 цэцэрлэгийн ахлах бүлгээс 128 хүүхэд ирсэн байна. “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй энэхүү бөхийн барилдаанд түрүүлсэн хүүхдэд “Хангарьд” цол, үзүүрлэсэн хүүхдэд “Дайчин шонхор” цол олгох юм.  Мөн уран мэхтэй, дайчин барилдаантай, уран дэвээч, өхөөрдөм бөхийг шалгаруулан шагнаж, урамшуулна.


                              Үндэсний бөхийн цол дуудах тэмцээнд 18 хүүхэд оролцжээ 


Үүнээс гадна “Үндэсний бөхийн цол дуудах тэмцээн”-ийг зохион байгуулж, 18 цэцэрлэгээс 18 хүүхэд оролцсоноос “Шилдэг цоллооч хүүхэд”-ийг тодрууллаа. Ингээд 10 дугаар цэцэрлэгийн оролцогч Б.Улсболд, хоёрдугаар цэцэрлэгийн оролцогч М.Мөнхоргил, есдүгээр цэцэрлэгийн оролцогч Х.Энх-Эрдэнэ нар үе тэнгийнхнээ манлайлсан байна.   

Тэмцээний үйл ажиллагааг Жаргалант сумын нэгдүгээр цэцэрлэг, Сандаг сан, аймгийн Боловсролын газар, Биеийн тамир, спортын газар, Үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд мэргэжлийн шүүгч, засуул, тайлбарлагч зэрэг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа.

Энэ үеэр “Босоо заяатай Монгол” үйл ажиллагаанд  2012 оноос хойш оролцож, түрүүлсэн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Анх 2012 онд барилдаж байсан хүүхэд өдгөө 10 дугаар ангид суралцаж байна. 

Мөн тус үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад сэтгэл, зүтгэлээ зориулан яваа Л.Энхбаатарыг Ховд аймгийн 90 жилийн ойн медалиар, Ц.Ариунбатыг аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр тус тус шагналаа.

“Босоо заяатай Монгол” цэцэрлэгийн насны хүүхдийн үндэсний бөхийн барилдааныг цаашид мөн уламжлалын дагуу зохион байгуулахаар төлөвлөж байна.   

 

関連ニュース