Цагдаагийн газарт хүүхэд хамгааллын өрөөг бий болгохоор төлөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч В.Мөнхбатаар ахлуулсан Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны анхдугаар хуралдаан боллоо.
Хуралдаанаар Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, Архангай аймгийн хэмжээнд 2021 оны байдлаар хүүхэд оролцсон гэмт хэргийн хохирогч хүүхдийн талаарх мэдээлэл, цаашид авах арга хэмжээ, хорооны 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөр батлуулахаар боллоо. Мөн хорооны ажил, үйлчилгээний зардал санхүүжилтийг тооцож, аймаг, орон нутгийн төсвийн тодотголд тусгах зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Энэ онд хорооны бүх гишүүдийг
чадавхжуулах ажлыг зохион байгуулах, хохирогч хүүхдийн нийгэмшилд анхаарч,
бусад эрхийг давхар зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын хариу
үйлчилгээг салбар дундын зохицуулалтаар хүргэж ажиллах, Цагдаагийн газарт
хүүхэд хамгааллын өрөөг бий болгох, аймгийн хэмжээнд "Хүүхэд эрхэм
хэрэглэгч-аюулгүй орчин" аяныг зохион байгуулах зэрэг хүүхэд рүү чиглэсэн,
тэдний эрх, хамгаалалтай холбоотой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Гэмт
хэрэг, зөрчил үйлдсэн, мөрдөн шалгагдаж байгаа, гэмт хэрэг үйлдэж шийтгүүлсэн,
албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн болон гэмт хэргийн
хохирогч, гэрч хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”
нь аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/15 дугаар
захирамжаар 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан, журмын хүрээнд ажиллаж
байна. Өнгөрөгч 2021 онд тус хорооноос нийт 27 хүүхэд үйлчилгээ авсан байна.