Японы эрх баригчид эдийн засгаа дэмжих нэмэлт арга хэмжээ авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-03-29 11:31:59

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нефть болон эрчим хүчний бус эх үүсвэрийн үнэ өссөнтэй холбогдуулан үндэсний эдийн засгаа дэмжих нэмэлт арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.


Энэ тухай тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хагиуда Коичи мягмар гарагт Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


“Ерөнхий сайд Кишида түүхий нефтийн үнэ өссөнтэй холбоотойгоор эдийн засгийг дэмжих багц арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Бидний хувьд эрчим хүчний эх үүсвэр, түүхий эдээр тогтвортой хангахад ямар нэгэн саад тотгор учруулахгүйн тулд худалдан авалтын эх үүсвэрээ төрөлжүүлнэ. Мөн бид жижиг, дунд үйлдвэрүүдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэж тэрбээр хэллээ.


Хагиуда мөн шатахууны үнийг барьж, цаашид өсөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд шатахуун борлуулдаг компаниудад татаас олгох одоогийн арга хэмжээг дөрөвдүгээр сарыг дуустал сунгахаар болсныг мэдэгджээ. Эрх баригчид нэг литр бензинд 5 иен буюу 0.043 ам.долларын хэмжээтэй татаасыг өнгөрсөн оны 11 дүгээр сараас олгож эхэлсэн юм. Гэвч Украиныг тойрсон хямрал хурцадсаны улмаас зах зээлийн байдал дордсон байна. Үүнтэй холбогдуулан Японы Засгийн газар нэг литр шатахуунд олгох татаасыг 25 иен буюу 0.22 ам.доллар болгож нэмэгдүүлжээ.


“Киодо” агентлагийн мэдээлснээр, багц арга хэмжээг дөрөвдүгээр сард батлахаар төлөвлөж байна. Зардлыг 5 их наяд иен буюу 40.2 тэрбум ам.долларын хэмжээтэй коронавирустэй тэмцэх нөөц сангаас гаргана. Мөн хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа үр тарианы үнийн өсөлттэй холбогдуулан авах арга хэмжээг багцад тусгахаар төлөвлөжээ.


関連ニュース