Тайланд улс хилээр нэвтрэх журмыг хөнгөвчилснөөр олон улсын зорчигчдын тоо нэмэгдэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БАНГКОК. /China News/. Тайландын Засгийн газар
энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хилээр нэвтрэх журмыг зөөлрүүлж, ирж буй
зорчигчдоос нуклейн хүчлийн шинжилгээний хариу шаардах журмыг цуцалснаас хойш
Бангкокийн “Суварнабхуми” нисэх онгоцны буудлын ачаалал нэмэгдсэн байна.
Тодруулбал тус нисэх
буудал өдөрт дунджаар 11600 зорчигч хүлээн авч, өмнөх сартай харьцуулахад олон
улсын зорчигчдын тоо 66 хувиар өсчээ.
Нисэх онгоцны буудлын
хариуцсан ажилтан лхагва гарагт мэдээлэхдээ, 4 дүгээр сар гарсанаас хойш тус
нисэх онгоцны буудал өдөрт дунджаар 141 олон улсын нислэг хүлээн авч байгаа ба цаашид
энэ тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Үйлчилгээний чанарыг
нэмэгдүүлэхийн тулд олон улсын зорчигч хүлээн авах танхимыг нэгээр нэмэгдүүлэн
дөрөв болгожээ. Мөн цагт дунджаар 3450 хүний гадаад паспортыг шалгаж дотогш
нэвтрүүлдэг байсан бол үүнийг нэмэгдүүлэн 4080 болгосон байна.
Тайландын Засгийн газар
цар тахалд нэрвэгдсэн аялал жуулчлалын салбарыг сэргээхийн тулд энэ оныг “тахлын
дараах эрин”-ий эхний жил болгон зарласан.