Мөнххайрхан сумын малчид байгаль цаг уурын хатуу ширүүнийг даван туулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-12 18:48:33

Ховд /МОНЦАМЭ/. Энэ жил шинээр “Ховд аймгийн аварга малчин” цолоор энгэрээ мялаасан Мөнххайрхан сумын малчидтай уулзаж, тэдний ажил үйлсийн талаар сурвалжиллаа.

Ховд аймгийн Мөнххайрхан сум нь Улаанбаатар хотоос 1421 км, аймгийн төвөөс 155 км зайтай оршино. Газар нутгийн хувьд хойд талаараа Ховд аймгийн Дуут, зүүн хойгуураа Манхан, зүүн урдуураа Мөст, урдуураа Үенч, баруун талаараа Баян-Өлгий аймгийн Булган сумтай хиллэдэг. Ховд аймгийн хамгийн цөөн хүн амтай сумдын нэг бөгөөд хүн амын 98 хувь нь урианхай угсаатан юм.

Монгол Алтайн нурууны гол хэсэг болж 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй километр үргэлжлэх Мөнххайрханы нурууны зүүн биеийн уулархаг нутагт оршино. Байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай, далайн түвшнээс дээш дундажаар 1940 метрийн өндөрт оршдог.

Одоогийн байдлаар тус сумын нутагт салхи шуургатай, сэрүүн байна. Мөн зарим газартаа цастай, малчид хаваржилт тааруу байгаа тухай ярьж байлаа.  


                   З.БАТЧУЛУУН: Залуу малчдын залгамж халааг бэхжүүлэх шаардлагатай  

Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багийн малчин З.Батчулууны гэр бүл аймгийн аварга малчин өрхөөр шалгарч, шагналаа гардан авлаа. 

Алгын гол, Гурван буурал хайрханаа түшиглэн 30 гаруй жил мал маллаж яваа энэ гэр бүл анх өрх тусгаарлахдаа эцэг, эхээс өвлүүлсэн 50 гаруй толгой малтай байсан бол өдгөө эрдэнэт мал сүргээ төрлөөр нь үржүүлсээр 1000 орчим малтай болжээ. Энэ жилийн тухайд 300 гаруй шинэ төл мал хүлээн авахаас 70 орчим хувийг нь сумынхаа төвөөс 48 км-ийн зайд орших “Хагийн ам” хэмээх газарт хүлээн авч, амжилттай бойжуулж байна.

Өндөр уулс, Хад асга чулуу ихтэй, байгаль цаг уурын хатуу ширүүн уур амьсгалтай энэ нутагт аж төрж буй малчин түмэн мал маллагааны уламжлалт арга ажиллагаа, өв соёлоо хадгалсаар яваагийн тод жишээ бол аймгийн аварга малчин Э.Батчулууны ахуй амьдрал, туршлагаас харагдах буйзаа. Тэрбээр жилд хамгийн багадаа 150 гаруй км-ийн отор хийж байгаа бөгөөд зөвхөн ердийн хөсөг буюу тэмээгээр нүүдэг байна. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг, Хөх голоос нааш эргэн өвс ургамлын шимт байдал, бэлчээрийн төлөвөөс шалтгаалан 7-8 удаа буурь сэлгэн, малдаа тарга хүч авахуулдаг гэнэ. Түүнчлэн малын үүлдэр угсаа, чанарыг сайжруулах тал дээр анхаарч, зэргэлдээ сумдаас нутгийн шилмэл омгийн хээлтүүлэгчийг авч, үржил селекцид ашиглаж байна. 

Малч удмын хэлхээг нэр төртэй үргэлжлүүлэн яваа Аймгийн аварга малчин З.Батчулуун, түүний гэргий Д.Оюунчимэг нар зургаан хүүхдийг өсгөн хүмүүжүүлсэн бөгөөд хүүхдүүд нь бүгд малчин болжээ.

Аймгийн аварга малчин З.Батчулуун нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нутгийн хоёр залуу өрхийг дэмжиж, 100 орчим малыг үнэ төлбөргүй олгон малжуулсан байна. Тэрбээр мал аж ахуйн салбар бол дуусахгүй, дундрахгүй баялаг юм гэдгийг онцлоод энэ салбарыг цаашид тогтвортой хөгжүүлэх зорилгоор 18-35 насны залуу малчдын залгамж халааг бэхжүүлэх, тэднийг бодлогоор дэмжих шаардлагатай хэмээх саналыг хэлж байв.


                    Д.РЭНДАВАА: Чулууг нуруугаараа үүрч 300 төл мал оруулах байр барьжээ  


Одоогоос 40-өөд жилийн өмнө Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлт өвөрлөн малчин болоод, орон нутгийнхаа мал аж ахуйн салбарт тууштай зүтгэж ирсэн Мөнххайрхан сумын Алаг багийн малчин Д.Рэндаваа, түүний гэргий Б.Олонжаргал нар хөдөлмөрөө үнэлүүлж "Аймгийн аварга малчин” цол хүртлээ.  

Үе удам залган, мал аж ахуйн салбарт нэр төртэй ажиллаж яваа Д.Рэндаваа гуай ах дүү 11-үүлээ.  

Том эгч Д.Урантуяа нь 1987 онд “аймгийн аварга саальчин” цолоор шагнагдаж, аймгийн Ардын депутатын хурлын Депутатаар сонгогдож байсан бол 35 жилийн дараа түүний дүү Д.Рэндаваа, Д.Оюунчимэг нарын гэр бүл нэгэн зэрэг “аймгийн аварга малчин” болжээ. Ингэж нэг айлаас гурван аварга төрөн гарч байгаа нь ховор тохиолдол гэдгийг сумын удирдлагууд онцолж байна.

Аймгийн аварга малчин Д.Рэндаваагийнх одоо Мөнххайрхан сумын хамгийн өндөрлөг цэгт орших “Хэрцийн хар толгой” хэмээх газарт хаваржиж байна. Энэ хаваржаанаас Мөнххайрхан уулын сүрлэг таван оргил тольдон харагдах агаад энд замын бартаа саад ихтэй, машин явахад хүндрэлтэй тул малчин Д.Рэндаваа гуай малын хашаа хороо, төлийн байрыг барихдаа чулууг нуруугаараа үүрч, бүтээн босгожээ.

Үүний зэрэгцээ хадлангийн өвсөө өөрөө бэлтгэж, төл мал болон бог малд өгөх зэргээр ялган нөөцөлдөг бөгөөд дөрвөн улирлын төлөв байдал, газрын үржил шимийг харгалзан Хөх гол, Улиаст, Хатуу сай, Цэнхэрийн гол гээд хаана л сайхан бэлчээр нутаг байна түүнийг шилэн оторлож, малдаа дээд зэргийн тарга хүч авахуулж ирсэн туршлагаараа сум орон нутагтаа манлайлж, “2014 оны шилдэг оторчин” цолоор шагнуулсан байна.

Ийнхүү мал сүргээ хамгийн олон удаа алсын оторт гаргаж, бэлчээрээ зохистой ашиглаж  байгальд ээлтэй байх зэргээр мал маллагааны уламжлалт арга ажиллагааг залуу үеийнхэнд үлгэрлэж ирсэн малчин Д.Рэндаваа 2002 онд баяд үүлдрийн хуц авч, энэ нутагт анх удаа сайжруулагчаар ашиглаж байснаараа онцлогтой.

Аймгийн аварга малчин Д.Рэндаваагийнх энэ жил 300 гаруй төл хүлээн авахаар байна. Тус малчин өрх гурван айлыг тус бүр 100 толгой малаар малжуулжээ. Мөн 2000 оны эхээр “Ах дүүс” нэртэй байгаль хамгаалах нөхөрлөл байгуулсан бөгөөд зэрлэг амьтдыг хамгаалах, малчдын өрхийн амьжиргааг дээшлүүлэх ажилд идэвхтэй, гар бие оролцож байна.

 

                   А.БУЯНТОГТОХ:  Гурван хүнийг ажлын байраар хангаж, гэртэй, унаатай болгов


Ховд аймгийн Мөнххайрхан сум 360 гаруй малчин өрхтэй. Үүнээс Борт багийн нутаг дэвсгэрт 100 гаруй малчин өрх аж төрж байна. Тэдний дундаас мал маллагааны арга, ажиллагаагаараа манлайлж, Аймгийн аварга малчин цолны болзол хангасан өрх айл бол Мөнххайрхан сумын Борт багийн малчин Амгалангийн Буянтогтохийн гэр бүл юм.

Мөнх цас, мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил болох Мөнххайрхан уул, Таван хумст уулсын энгэр бэлд тэнүүн сайхан нутаглаж ирсэн малчин А.Буянтогтох сүүлийн 5-6 жилийн хугацаанд тогтмол 1000-аас дээш толгой мал тоолуулж байна.

Энэ гэр бүл малаас гарах бүхий л түүхий эдийг ашиглаж, өрхийн амьжиргаагаа дээшлүүлж байгаа бөгөөд мал маллах хугацаандаа нутгийн гурван хүнийг ажлын байраар хангаж, гэртэй, унаатай болгох зэргээр амьдрал ахуйд нь бодит хөрөнгө оруулалтуудыг хийсээр иржээ. Одоо ч мөн нэг өрхийг дэмжин, цалинжуулж байна.

Түүнчлэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд баг, сум орон нутгаас зохион байгуулсан ажилд идэвхтэй оролцдог малчдын нэг бол А.Буянтогтох. Тэрбээр одоогоос 16 жилийн өмнө Улсын аварга анчин хэмээх алдрыг хүртэж байсан бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд “Хургадын цахир” хэмээх байгаль хамгаалах нөхөрлөлд гишүүн, идэвхтэн байгаль хамгаалагч, газар анчинаар ажиллаж байна. Ингэхдээ гадаад, дотоодын жуулчид агнуурын бүс нутгаас тусгай зөвшөөрлийн дагуу ан хийхэд туслалцаа үзүүлж, сум орон нутгийнхаа төсөвт хөрөнгө оруулалт хийдэг.

Сүүлийн жилүүдэд малчин А.Буянтогтох мал сүргийнхээ тоонд бус чанарт анхаарч, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, чанаржуулж байгаа төдийгүй Увсаас Баяд үүлдрийн хуц, Алтайн илүү нугаламтай хуц зэргийг авч, үржил селекцид ашиглаж байна.   

Мөнххайрхан сумын Борт багийн нутаг, Их тошин хэмээх газарт хаваржиж байгаа малчин А.Буянтогтохын гэр бүл энэ жил 300 гаруй төл мал хүлээн авахаас одоогийн байдлаар мал төллөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Тус малчин өрх жилдээ 2-3 тонн өвс, тэжээл бэлтгэн нөөцөлж, өвөлжөө хаваржааныхаа хашаа хороог үлгэр жишээ засаж тохижуулсны үр дүнд сүргийн хорогдолгүй онд орж, төл малаа амжилттай бойжуулж байгаагаа хуучиллаа.


                                  Х.ЛХААЖАВ: Адуучин ааваараа бахархдаг  


Мөнххайрхан сумын Хаг багийн малчин Х.Лхаажавын гэр бүл “Аймгийн аварга малчин” цол хүртлээ. Мөнххайрхан уулын энгэр бэл, Долоон нуурыг түшиглэн нутаглаж ирсэн малчин Х.Лхаажавынх өдгөө 1000 орчим толгой малтай. Энэ хавар 300 гаруй төл мал хүлээн авахаас 90 орчим хувийг нь хүлээн авч, бойжуулж байна.  

Ажилч, хичээнгүй гэдгээрээ нутаг нугийнхандаа танигдсан малчин Х.Лхаажав нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хоёр өрхөд үнэ төлбөргүй мал өгч, малжуулж байсан туршлагатай бөгөөд одоо мөн хоёр туслах малчинг дэмжин, ажлын байраар хангаж байна.    

Байгалийн өвөрмөц тогтоц бүхий өндөр уулс, хад чулуугаар хүрээлэгдсэн энэ газрыг нутгийн иргэд “Таанк хад” хэмээн нэрлэдэг.

Малчин Х.Лхаажавын аав Ж.Хуяг гуай тэртээ 1990 онд нэгдлийн өртөөний адуу маллахаар яг энэ газарт, энэ буурин дээр ирж, хашаа хороогоо босгож байсан түүхтэй. Адуучин аавынхаа үргэлжлэл болж, энэ хаваржаа, буурь бууцан дээрээ хүндтэй шагналаа гардан авч байгаадаа тэд баяртай байлаа. Тэрбээр аавынхаа тухай олон дурсамж хэлж, бахархаж байсан юм.

Малчин Х.Лхаажавын тухайд 1995 оноос эхлэн аавыгаа дагаж морь уяж, уралдуулсан бөгөөд 2014 онд сумынхаа шилдэг уяач цолоор шагнуулж байжээ. Тэрбээр азарга, соёолон, даага гэх мэт бүх насны морь уяж, уралдуулдаг бөгөөд аймаг сумын тэмдэглэлт ой, баяр наадам, томоохон үйл ажиллагааны нэрэмжит хурдан морины уралдаанд амжилттай оролцож, 2 удаа түрүүлж, 30 гаруй удаа айрагдсан амжилттай ажиллаж байна. Тус малчин өрх Дорнодын Матад сумаас адуу, Увсаас Баяд хуц, Алтайн улаан ухна зэргийг авч, малынхаа үүлдэр угсаа, сүргийн бүтэц, чанарыг сайжруулж байгаагаараа онцлогтой.

 

                    Ч.БЯМБАДОРЖ:   450 гаруй төл мал хүлээн авахаас 80 орчим хувьтай байна


Мөнхайрхан сумын Борт багийн малчин Ч.Бямбадорж, түүний гэргий В.Жаргалсүрэн нар энэ жил “Аймгийн Хошой аварга малчин” цолны болзол хангаж, шагналаа гардан авлаа.  Бага наснаасаа мал маллаж яваа малчин Ч.Бямбадорж нутгийн онцлогоос шалтгаалан тэмээнээс бусад дөрвөн төрлийн малыг голчлон үржүүлж байна.  

Эднийх ихэвчлэн Хөх нуур, Нарийн цөнх, Өвөлжин, Цахт хэмээх газруудаар нутагладаг бөгөөд энэ хавар бог, бод нийлсэн 450 гаруй төл хүлээн авна. Үүнээс одоогийн байдлаар төл малынхаа 80 орчим хувийг хүлээн аваад байна.

Малчин Ч.Бямбадоржийн тухайд малынхаа чанарт анхаарч, Увсын баяд үүлдрийн хуц, Дарви сумын Сутай үүлдрийн хуц, Алтайн улаан ухна зэргээр сүргийнхээ бүтцийг сайжруулсан туршлагатай, хөдөлмөрч хичээнгүй малчдын нэг юм.

Эднийх мал маллах хугацаандаа 10 орчим залуу гэр бүлийг дэмжсэн бөгөөд өдгөө хоёр залуу өрхийг малжуулж, ажлын байраар хангаж байна.    

Малчин Ч.Бямбадоржийн гэр бүл 2018 онд аймгийн аварга малчин цолоор энгэрээ мялааж байсан бол дөрвөн жилийн дараа амжилтаа ахиулж ийнхүү "Хошой аварга малчин” болж байна. Эднийх ажлын үзүүлэлтээрээ цаашид “Улсын аварга малчин” цолны болзол хангахад хамгийн ойрхон байгаа гэдгийг сумын удирдлагууд онцоллоо. Мал маллагааны арга, туршлагаа залуу үеийнхэнд зааж сургаж байгаа малчин Ч.Бямбадорж өдгөө дөрвөн хүүхдийнхээ нэгийг нь малчин болгож, Малч удмын хэлхээг нэр төртэй үргэлжлүүлж явна.


関連ニュース