Аяны хүрээнд хорт хавдрын найман тохиолдлыг шинээр илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар
/МОЦНАМЭ/. Сүхбаатар аймгийн ЗДТГ-аас санаачлан холбогдох мэргэжлийн байгууллагуудтай
хамтран зохион байгуулсан “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа” нэг
сарын аян амжилттай хэрэгжиж дууслаа. Аяны хүрээнд таван мянга орчим эрэгтэй
урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахад хоёр төрлийн найман хорт хавдрыг шинээр
илрүүлжээ.
Элэгний хорт хавдар долоо, ходоодны хорт хавдар нэгийг шинээр илрүүлжээ. Мөн элэгний В, С вирустэй 40, чихрийн шижин 27, цусны даралт ихсэх өвчин 41, давсагны уйланхай, бамбайн хордлого зэрэг арваад төрлийн өвчнийг илрүүлсэн байна. Эдгээр иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, эмчилгээ үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд шаардлагатай тохиолдлыг гуравдугаар шатны эмнэлэгт зуучлах ажлыг хийж байна.
Сүхбаатар аймгийн нийт хүн амын 32670 буюу 50,1
хувь эрэгтэйчүүд. Гэвч аймгийн хэмжээнд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс
10 насаар бага бөгөөд гол шалтгаан нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндтэй холбоотой. Тиймээс
дээрх аяныг өрнүүлж, холбогдох судалгааг хийжээ. Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүд
эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахад эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээлэл
хангалтгүй, хайнга ханддаг, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол
хамрагддаггүй, эрчүүдийн эрүүл мэндэд чиглэсэн цогц үзлэг, оношилгоо байдаггүй
гэсэн асуудлуудыг дэвшүүлсэн байна. Эрэгтэйчүүдийн хувьд хорт зуршил, амьдралын
хэв маягийн буруу дадал зуршил их байгаа нь мөн судалгааны үр дүнд гарчээ. Тиймээс
цаашид эрүүлжүүлэх, үзлэг шинжилгээ гэхээсээ илүүтэйгээр эрүүлжүүлэх хяналтад
авах арга хэмжээг зохион байгуулах нь чухал гэх дүгнэлтийг аяныг зохион
байгуулагчид гаргажээ.
Мөн эрэгтэйчүүдэд эрт илрүүлгийн үзлэгийн ач
холбогдол, архи тамхины хэрэглээний хор уршиг, дасгал хөдөлгөөн, зохистой
хооллолтын чиглэлээр 75 удаагийн сургалтыг 2800 гаруй хүнд хийсэн гэж аймгийн
ЭМГ-аас мэдээллээ.