Шинэ хөшөө залахын тулд хуучин хөшөөнүүдийг зөвшөөрөлгүй буулгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-05-10 15:01:39

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын Дөрвөлж цэцэрлэгт хүрээлэнд байрлах чулуун хөшөөнүүдийг буулгажээ. Харин хуучин суурин дээр нь Улаанбаатар  хот дахь Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан бурхан багшийн хөшөөг залахаар болсон байна. Хэдийгээр орон нутгийнхаа өнгө үзэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр, хувийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийж байгаа нь сайшаалтай ч хуучин хөшөөнүүдийг ингэж буулгаж, үнэгүйдүүлж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Тодруулбал, Алунгоо эхийн хөшөө болон нутгийн нэрт яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” шүлгээс, мөн их эзэн Чингис хааны сургаал ишлэлээс чулуун дээр сийлсэн дурсгал бүхий хөшөөнүүд энд байгаа юм.


Энэ талаар Нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаяраас тодруулахад, бурхан багшийн хөшөөг залах газрыг аймгаас зааж өгсөн. Энэ бол цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, өнгө үзэмжийг нь сайжруулах зорилгоор Нутгийн зөвлөлөөс санаачлан, хийж буй ажил. Улсын төсвийн хөрөнгө мөнгийг үүнд зарцуулаагүй. Хөшөөг баяр наадмын үеэр нээнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Зарцуулж буй хөрөнгө мөнгөний хэмжээ болон бусад нарийн мэдээлэл одоогоор алга гэх тайлбарыг өгөв.

Эдгээр хөшөөний загвар, зургийг одоогоос 16 жилийн өмнө зураач Ё.Бадарч гаргаж, барималч н.Энхтайван бүтээж байжээ. Чулуун дээр сийлсэн үг, үсэг бүрд үр хүүхдүүд нь гар бие оролцож, сэтгэл юугаа шингээн байж урлаж байснаа дурсаад, энэ бүхэнд маш их харамсаж байгаагаа Ё.Бадарч ярьж байна. Тийм ч учраас тэрээр холбогдох газар, хууль хяналтын байгууллагад хандана гэдгээ мэдэгдлээ.

Аливаа хөшөө дурсгал нь түүх, соёлын үнэт өвд тооцогддог бөгөөд тэдгээрийг буулгах, нүүлгэн шилжүүлэх тохиолдолд заавал тухайн орон нутгийн Засаг даргын захирамж, ИТХ-ын тогтоолыг үндэслэдэг байна. Харин эдгээр хөшөөг буулгахдаа ямар ч хууль эрхзүйн акт бичиг үйлдээгүй байжээ.  

関連ニュース