Японы автомашин үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэл буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-05-31 16:11:28

ТОКИО. /Kyodo/. Японы найман томоохон автомашин үйлдвэрлэгчийн дэлхий даяарх нийт үйлдвэрлэл энэ оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 20.1 хувиар буурч, 1.66 саяд хүрснийг даваа гарагт танилцуулсан салбарын мэдээлэл харуулжээ. Дэлхийн хэмжээнд хагас дамжуулагч хомсдож, Шанхай хотод “COVID-19”-ийн улмаас хөл хорио тогтоосноос үүдэн нийлүүлэлт тасалдсаны үр дагавар үүнээс харагдаж байна.


Эдгээр найман автомашин үйлдвэрлэгчээс “Toyota Motor”, “Honda Motor” зэрэг зургаан компанийн үйлдвэрлэл буурчээ. Тодруулбал, “Toyota”-гийн үйлдвэрлэл 9.1 хувиар буурч, 692 259-д хүрсэн нь сүүлийн гурван сарын хугацаанд анх удаа буурсан үзүүлэлт болж, 750 мянган тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх зорилтдоо хүрч чадаагүй байна.


“Toyota” болон бусад автомашин үйлдвэрлэгчид хагас дамжуулагч хомсдож байгаагийн улмаас үйлдвэрлэлээ бууруулахаас өөр аргагүйд хүрчээ. Хагас дамжуулагчийг автомашинаас эхлээд агааржуулагч, ухаалаг утас зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнд хэрэглэдэг бөгөөд дижиталчлал түргэсэж байгаатай холбоотойгоор эрэлт нь улам нэмэгдэж байгаа юм.


“Honda” компанийн гарцын хувьд Хятадад үйлдвэрлэл нь саатсаны улмаас 54.2 хувиар буурчээ. Мөн “Mazda Motor”, “Nissan Motor” компаниудынх 49.9 хувь, 26.5 хувиар тус тус буурсан байна. Харин “Subaru” компанийн үйлдвэрлэлийн гарц өнгөрсөн сард 63.3 хувиар өссөн нь сүүлийн гурван сарын хугацаан дахь анхны өсөлт болжээ. Мөн Индонез, Малайзад үйлдвэрлэл нь эрчимжсэнээр “Daihatsu Motor” компанийн гарц 4.1 хувиар өссөн байна. 


“Toyota” компанийн мэдээлснээр, дөрөвдүгээр сард дэлхий даяарх борлуулалт жилийн өмнөхөөс 11.1 хувиар буурч, 763 708-д хүрчээ. Ингэснээр энэ үзүүлэлт найман сарын турш дараалан буурч байна. Тус компанийн Япон дахь борлуулалт нь 16.8 хувиар буурч, 103 143 болсон бол дотоодын үйлдвэрлэлийн гарц 9 хувиар буурч, 243 425 болжээ. Мөн хилийн чанадын борлуулалт нь 10.2 хувиар /660 565/ буурсан бол үйлдвэрлэл нь 9.1 хувиар /448 834/ буурсан байна.


Бүс нутгаар авч үзвэл, “Toyota”-гийн Хятад дахь борлуулалт 30.7 хувиар буурсан бөгөөд үүнд Шанхайд халдварын улмаас хөл хорио тогтоосны дараа эрэлт буурсан нь нөлөөлжээ. Мөн тус улс дахь үйлдвэрлэлийн гарц 33.8 хувиар буурч, 93 297 тээврийн хэрэгсэл үйлдвэрлэсэн байна.


Мөн Хойд Америкт борлуулалт дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 19.7 хувиар буурсан бол үйлдвэрлэл 7.1 хувиар буурчээ. Үүнд эд ангийн хомсдол нөлөөлжээ. “COVID-19” цар тахал, эд ангийн нийлүүлэлтийн байдлаас үзэхэд нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байгаа ч бид учрах үр дагаврыг хамгийн бага байлгахын төлөө бүхий л хүчин чадлаа дайчилж байна” гэж “Toyota”-гийн мэдэгдэлд дурджээ.

関連ニュース