АРХАНГАЙ: 3 дугаар сургууль хөлбөмбөгийн талбайтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-01 14:27:27
Архангай /МОНЦАМЭ/. 2022-2023 оны хичээлийн жил эхэллээ. Эрдэнэбулган сумын Засаг дарга бөгөөд Цэцэрлэг хотын захирагч Д.Мөнхбат 3 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
Тус сургуулийн нээлт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн дагуу Эзэн Богд Чингис хааны эш хөргийг сургуулийнхаа хүндэтгэлийн өргөөнд залж, түүнийг магтан дуулсан дуу, хөгжим, бүжгийн урлагийн тоглолт үзүүлсэн нь содон байлаа.

Тус сургуульд энэ жил 48 бүлэгт 1630 сурагч суралцахаас, 1 дүгээр ангийн 4 бүлэгт 150 хүүхэд шинээр элсэн суралцана. Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 2047 хүүхэд 1-р ангид элсэн орж байна.
Сумын Засаг дарга Д.Мөнхбат хэлсэн үгэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, сурлага, хөдөлмөрийн амжилт хүсээд, энэ хичээлийн жилд хүүхдийн сурч, хөгжих боломжийг бий болгох үүднээс З дугаар сургуулийн биеийн тамирын гадаа талбайд хөлбөмбөгийн талбайг иж бүрэн тохижуулж, сургуулийн гадаа, доторх орчныг сумын ОНХС-гийн хөрөнгөөр 100 хувь камержуулахаар шийдвэрлэснийг дуулгалаа.
Архангай аймагт төрийн өмчийн 30, хувийн өмчийн 1 ерөнхий боловсролын сургууль, төрийн өмчийн 35, хувийн өмчийн 1 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна.
Ерөнхий боловсролын сургуульд урьдчилсан тооцооллоор 20100 орчим хүүхэд суралцахаар байгаа нь өнгөрсөн хичээлийн жилээс 1000 орчим хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлт аж.
関連ニュース