АНУ-ын засаг захиргаа ОПЕК-ийн шийдвэрийг хойшлуулахыг хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-10-14 14:36:00

ДУБАЙ. /CNBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ даргалагч орон болох Саудын Арабаас газрын тосны олборлолтыг танах шийдвэрийг нэг сараар хойшлуулахыг хүссэн талаар тус хаант улс лхагва гарагт мэдэгджээ.


Саудын Араб хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна. Энэ сарын эхээр “ОПЕК+ ирэх 11 дүгээр сараас эхлэн олборлолтоо 2020 оноос хойш хамгийн ихээр буюу хоногт 2 сая торхоор бууруулахаар шийдвэрлэсэн юм. Энэ нь инфляц өсөж, дэлхийн эдийн засаг уналтад орох эрсдэл хэдийнээ нэмэгдэх болоод буй энэ үед нийлүүлэлт хумигдаж, үнэ өснө гэсэн үг юм.


Цагаан ордон ОПЕК-ийн шийдвэрийг АНУ-ын завсрын сонгууль өнгөрөх хүртэл хойшлуулах хүсэлт гаргасан бололтой байна. Саудын Арабын Засгийн газар лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ, ОПЕК-ийн гишүүд эдийн засгийн хэтийн төлөв, хэрэгцээ шаардлагад тулгуурлан шийдвэрээ гаргасан хэмээн өөрийн алхмаа зөвтгөжээ.


“ОПЕК+”-ийн шийдвэрийг нэг сараар хойшлуулах нь эдийн засагт сөрөг үр дагавар авчирна гэдгийг эдийн засгийн бүх дүн шинжилгээ харуулж байгааг Саудын Арабын Засгийн газар АНУ-ын засаг захиргаатай зөвлөлдөх үеэрээ тодотгосон” гэж уг мэдэгдэлд дурдсан байна.


Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби үүний хариуд мэдэгдэхдээ, Саудын Арабыг ОХУ-д орлого олоход нь тусалж, Украины дайнтай холбогдуулан Москвагийн эсрэг авсан Өрнөдийн орнуудын хориг арга хэмжээ үр нөлөөгөө өгөхөд саад тотгор учруулж байна хэмээн буруутгажээ. 

関連ニュース